Өөдрөг уур амьсгалд өрнөсөн Давос-48

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-01-30 15:43:57
Оны эхний сард дэлхий дахинд болсон хамгийн том үйл явдал бол мэдээжийн хэрэг Дэлхийн Эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалт /World Economic Forum, WEF/ байлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус форум /ДЭЗФ/ энэ онд “Хуваагдсан дэлхий ертөнцийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвээр 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотод болж өнгөрөв.

Чуулга уулзалтын гол зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд улс төр, эдийн засгийн салбарт шийдвэр гаргагч нөлөө бүхий хүмүүсийг Давост урьж ирүүлэн, учирч буй бэрхшээл саад, эрсдэлүүдийг хэлэлцэх явдал байдаг билээ.

Энэ удаагийн ДЭЗФ-ын өмнөх чуулгануудаас ялгарах онцлог нь түүнд “Их-7”-гийн орнуудын удирдагчдын ихэнх нь оролцсон явдал байлаа. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч, Канад, Их Британийн Ерөнхий сайд нар, Германы Канцлер, Францын Ерөнхийлөгч, түүнчлэн Европын Комиссын дарга, ОУВС-ын захирал нараас гадна “J.P. Morgan”-ы гүйцэтгэх захирал Жэймс Даймон, “Голдман Сакс” группын гүйцэтгэх захирал Ллойд Бланкфейн зэрэг банк санхүү, бизнесийн салбарын төлөөлөл, мөн иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэд, шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 2500 гаруй хүн оролцлоо. Тэдний дотор дэлхийн 70 гаруй орны 1000 гаруй томоохон компанийн төлөөлөгчид байв.
Форумын үеэр 400 гаруй салбар хуралдаан болж, дэлхийн дахины анхаарлыг татаж буй халуун сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

ДЭЗФ нь дэлхийн бизнесийн салбарын нөхцөл байдлыг илэрхийлэх нэг ёсны барометр болж, санхүүгийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлж байдаг билээ.

Давосын чуулга уулзалтын өмнөхөн ОУВС нэлээд өөдрөг таамаглал бүхий тайлан гаргаж, түүндээ дэлхийн ДНБ-ны өсөлт 2018 онд өмнөх оныхоос 0,2 пунктээр илүү байж 3,9 хувьд хүрнэ гэж төсөөлжээ.
Гэтэл өнгөрсөн онд Давосын чуулга уулзалтад оролцогчид таамаглал дэвшүүлэхдээ “Трампын протекционист бодлого /гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах/ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, хөрөнгийн биржийг зогсонги байдалд оруулна” гэж байсан боловч аз болоход ийм гутранги төсөөлөл биелээгүй юм. Ингэснээр өнгөрсөн 2017 он нь 2007-2008 оны эдийн засгийн хямралаас хойших хугацаан дахь хамгийн таатай жил болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаараа их хямралаас гарчээ гэж дүгнэж болно.

Ер нь бол, сүүлийн 10 жилийн хугацаанд ДЭЗФ ийм өөдрөг өнгөлөг уур амьсгалд болж байсангүй. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт, кибер халдлага, нийгмийн тэгш бус байдал, хүнсний аюулгүй байдал, терроризм гэх мэт олон  асуудал хуримтлагдсаар байгаа боловч Давост ирсэн улс орнуудын удирдагчид маргаашийн ирээдүйдээ итгэлтэй байгаа нь харагдлаа. 

Барууны тэргүүлэгч улс орнуудын удирдагчид бүгд үг хэлсэн бөгөөд тэд өөрсдийн стратеги болон ирээдүйг хэрхэн төсөөлж байгаагаа танилцуулсан юм.

Дональд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Давост хүрэлцэн ирсэн нь ДЭЗФ-ын үеэрх хамгийн онцлог дуулиант үйл явдал байсан гэж хэлж болно. Учир нь, сүүлийн 18 жилд АНУ-ын төрийн тэргүүн нар ДЭЗФ-д огт оролцоогүй юм.
Тэрбээр Швейцарьт ихээхэн сүр бараатай бууж ирлээ. Цюрих хотын нисэх онгоцны буудалд Трампын онгоц буух болон хөөрөх үед бусад бүх нислэгийг 30 минутын хугацаанд түр зогсоосон байна. Цюрихээс Давост хүрэх Трампын суусан нисдэг тэргийг 6 нисдэг тэрэг дагалдан ниссэн гэх мэт. 



Түүний хэлсэн үгийн далайц, ач холбогдлыг зарим шинжээчид дүгнэснээр бол, 1992 онд Нельсон Мандела үг хэлснээс хойш ингэж олны анхаарлыг татсан үг хэлсэн хүн үгүй гэнэ.   

Юуны түрүүнд, America First буюу АНУ-ын эрх ашгийг хамгаас эрхэмлэнэ гэдэг үг бол “Америк орон өөрийгөө тусгаарлана” гэсэн үг биш гэдгийг Д.Трамп тайлбарлалаа. АНУ бусдаас нүүр буруулаагүй, харин дэлхийн худалдаанд шударга зарчмыг нэвтрүүлэхийн төлөө байгаа шүү гэсэн санаа түүний хэлсэн үгэнд нэвт шингэсэн байлаа.

Чуулганы явцад, дэлхийн тэргүүлэгч орнуудын ихэнх нь худалдааны ивээх бодлого /протекционизм/ сүүлийн үед газар авч буйг шүүмжилсэн юм.

Трамп хэлэхдээ “дэлхийн худалдаанд байгаа шударга бус зүйлүүд, тухайлбал оюуны өмчийн хулгай, аж үйлдвэрийн салбарт татаас өгч буй явдал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг зэрэг нь АНУ-д төдийгүй дэлхий дахины бизнест хор уршиг тарьж байна” хэмээн буруушаалаа.

Тэрбээр мөн АНУ-ын холбоотнуудад хандан өөрсдийн аюулгүй байдалд илүү их мөнгө зарцуулахыг шаардсан байна.

Ерөнхийлөгч болсноос нь хойших нэг жилийн хугацаанд Америкийн эдийн засаг сэргэсэн гэдгийг дурдахаа Д.Трамп мартсангүй. Удаан хугацаанд зогсонги байдалд байсан тус улсын эдийн засагт өсөлт гарч, 2,4 сая ажлын байр шинээр бий болжээ.

Татварыг бууруулснаар Америкийн айл өрх бүрийн бодит орлого 4 мянган доллароор нэмэгдсэн байна. Татварын бодлого шинэчлэгдсэнээр "Apple" компани АНУ-ын эдийн засагт 350 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн аж. Бизнесийн орчныг сайжруулах үүднээс нэг шинэ журам гарахад 22 хуучин дүрэм журмыг хүчингүй болгож ирснийг Ерөнхийлөгч Д.Трамп дурдлаа.  

Ангела Меркель

Германы Канцлерын хэлсэн үгний гол санааг дурдваас, тэрбээр улс орнуудын амиа бодсон хандлага, гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх /протекционизм/ бодлогыг буруушаасны зэрэгцээ улс орнуудын хооронд, ялангуяа Европын Холбооны гишүүн орнуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа.

"Өөрсдийгөө тусгаарлах нь хил хязгаараа хамгаалахад тус болдоггүй гэдгийг Ромын эзэнт гүрэн, Хятадын Цагаан хэрмийн түүх харуулсан. Хөршүүдтэйгээ сайн харилцаа, хамтын ажиллагаатай байж, дагаж мөрддөг, хүндэтгэн хэрэгжүүлдэг олон улсын гэрээ байгуулснаар хууль бус цагаачлалын асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид Африк болон Турктэй ийм түншийн гэрээ байгуулсан" гэж Меркель хэлэв.

Үүний зэрэгцээ Европ тивийнхэн гадаад бодлогын тал дээр идэвх султай байсныг Канцлер хүлээн зөвшөөрлөө. “Бид байнга АНУ-д найдаж түшиглэсээр ирсэн бол одоо америкчууд өөрийнхөө дотоод асуудалд илүүтэй анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Иймээс бид өөрсдөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй” гэж А.Меркель онцолсон байна.

Герман, Францын удирдагчид “Европыг бие даасан тоглогчийнх нь хувьд бэхжүүлж, АНУ-аас хамаардаг байдлыг багасгах хэрэгтэй” гэдгийг ил шууд мэдэгдсэнийг онцлох нь зүйтэй.

Европын Холбооны институцүүдийн үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа еврогийн бүсийг бэхжүүлэх нь чухал болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Их Британи ЕХ-ноос гарах тухайд Меркель “Брексит-ийн дараа ч гэсэн бид Лондонтой аливаа хэлбэрээр хамтран ажиллахад нээлттэй байна” гэж мэдэгдлээ.



Эммануэль Макрон

Францын Ерөнхийлөгч Э.Макрон тус улсад хөрөнгө оруулна гэдгээ амласан үндэстэн дамнасан корпорациудын захирлуудтай уулзсаныхаа дараа Давост хүрэлцэн юм. Түүнийг алга ташин угтан авсны дээр зарим хүмүүс залуу Ерөнхийлөгчийг “Европ тивийн шинэ найдвар” гэж нэрлэсэн аж.

Э.Макрон үг хэлэхдээ “Эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь Европын тивийн стратегийн бодлогыг эргэн харж, 10 жилээр урьдчилан төлөвлөх хэрэгтэй” байгааг онцоллоо.

“Европ тив нь Хятад болон АНУ-ын түнш байх хэрэгтэй. Дэлхий дахин олон жижиг хэсэгт хуваагдахаас сэргийлэхийн тулд Европ тив илүү хүчирхэг байх ёстой. Бид арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Эргэн тойрны бусад орнууд урагшаа цойлохыг хүлээх нь буруу. Урагшлахыг хүсэхгүй байгаа тэр хүмүүс урагшлах хүсэлтэй олонхид саад хийх ёсгүй” гэж тэрбээр хэлсэн байна.  

Францын Ерөнхийлөгч Давост орсон их цасны тухайд хошигнохдоо “энэ цас зарим хүмүүсийг дэлхийн дулаарлын талаарх үзэл бодлоо өөрчлөхөд хүргэж магадгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг дайруулан хэлжээ.

Франц улсыг ЕХ дахь манлайлагч болгохын тулд улс орондоо таван шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг Э.Макрон онцолсон байна. Эдгээр шинэчлэл нь иргэдийн боловсрол, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн хурд, уян хатан байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Францын дотоодын соёлд өөрчлөлт оруулах гэсэн хүрээг хамрах аж.

Тереза Мей

Их Британийн Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг эергээр үнэллээ.

Тэрбээр инновацийн шинэ технологийн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд далайн давалгаанд автан, живэх аюулд өртөөд байсан хоёр жаал хүүд дроноос хөвөгч матрац шидэн амь насыг нь аварсан тохиолдлыг дурдлаа. Мөн шинэ технологи гарч ирснээр хөхний хорт хавдрын өвчлөлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэдгийг хэллээ.

Ерөнхий сайдын хэлснээр бол, Их Британи улс тоон технологийн талаарх Харти-г боловсруулж байгаа ажээ. Уг баримт бичигт хэд хэдэн зарчмыг тусгах бөгөөд үүнд: интернэт орчинд хүмүүсийн эрхийг хамгаалах, интернэтийн хүртээмжтэй, нээлттэй байдал, хувийн мэдээллийг хамгаалах, хэт даврах үзэл, терроризмын үзэл санааг сурталчлах явдлыг хориглох, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөгийг зогсоох зэрэг олон асуудал багтсан болно.

Жастин Трюдо

Канадын Ерөнхий сайд үг хэлэхдээ “Номхон далай дамнасан түншлэлд оролцогч 11 орон түншлэлийн гэрээний шинэ хувилбарыг үргэлжлүүлэн боловсруулж байгаа” талаар ярилаа. Түүний хэлснээр, 3 дугаар сараас өмнө уг гэрээнд гарын үсэг зурах бололтой. Гэрээг байгуулсан тохиолдолд 800 сая хүнийг хамарсан чөлөөт худалдааны бүс бий болох аж. Өмнө нь 2015 онд 12 улс уг гэрээнд нэгдсэн боловч Д.Трамп Ерөнхийлөгч болсны дараа АНУ гэрээнээс гарсан билээ.

Түүнчлэн Ж.Трюдо өөрийнх нь санааг зовоож буй зүйлийн талаар ярьсан байна. Түүний үзэж байгаагаар, технологийн эрчимтэй хөгжил нь баячууд, ядуусын хоорондын орлогын ялгааг улам ихэсгэж, нийгмийн тэгш бус байдлыг бий болгохоос гадна олон хүн ажилгүй болоход хүрэх аж.

Лю Хэ: Хятад улс дотоодын зах зээлээ гадныханд нээнэ



БНХАУ-ыг төлөөлөн ХКН-ын Төв Хорооны гишүүн бөгөөд Ши Жиньпиний эдийн засгийн бодлогын гол зөвлөх Лю Хэ Давосын форумд  оролцлоо. Түүний хэлсэн үгний гол утга санаа нь бэрхшээл сорилтуудыг ямар ч хүчирхэг улс орон дангаараа даван туулж чадахгүй учраас хамтын ажиллагаа чухал шүү гэдэгт оршиж байв. 

Өөр нэгэн онцлох зүйл гэвэл, Хятадын дотоодын зах зээл Барууны компаниудад нээлттэй болж байгаа болон тус улс санхүүгийн салбараа либералчилж байгааг Лю Хэ зарлан мэдэгдсэн явдал юм.

“Хятад улс цаашдаа олон улсын худалдааны дүрэм журамд идэвхтэй нэгдэж, манай дотоодын зах зээлд нэвтрэх явдлыг хөнгөвчлөх болно. Түүнчлэн төрийн үйлчилгээ, ялангуяа санхүүгийн үйлчилгээний салбарт нэвтрэх явдлыг чөлөөтэй болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно” гэж Лю Хэ онцлон тэмдэглэлээ.

Б.Адъяахүү  



 
Холбоотой мэдээ