Долоон сумын зорилтот бүлгийн малчин өрхөд тусламж хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-29 15:44:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/  Аймгийн Улаан загалмайн хорооноос Дарив, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Шарга сумын 350 малчин өрхөд 115,000 төгрөгийн өртөг бүхий малын туурайн тос, нүдний түрхлэг, амин тун, ашигт долооц, загасны тос зэрэг цас, зудын үед малд шаардлагатай нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, эрдэст тэжээлийн нэмэлт багцыг олгов. 
Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь Британийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран  хэрэгжүүлж байгаа “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн 350 малчин өрхөд дээрх нэмэлт багцыг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. 

Мөн үүнээс өмнө өнгөрсөн оны 12 дугаар сард 240 000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан дээрх өрхүүдэд олгосон бөгөөд ингэснээр дээрх долоон сумын малчин өрх нийт 355,000 төгрөгийн тусламжийг аймгийн Улаан загалмайн хорооноос хүлээн аваад байна.

“Ус цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бэлтгэн гаргасан зудын эрсдэлийн зураглалд 12 аймаг багтсан байдаг. Уг зураглалыг үндэслэн Монголын Улаан загалмайн нийгэмлэг Британийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрөө 12 аймгийн 40 суманд хэрэгжүүлэн, 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа юм. Энэ хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Дарив, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Шарга сумын 200-аас доош малдтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 350 малчин өрх хамрагдаж байгаа юм.
 
Энэхүү тусламжийн багцыг цаг агаар хүндэрч, зуд болохоос өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор малчдадаа олгож байгааг аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ч.Батзориг дээрх тусламжийг хүлээлгэн өгөх үеэрээ онцоллоо. 
Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо нь энэ мэтчилэн жил бүр малчдадаа туслах аяныг өрнүүлж, тэднийг төсөл хөтөлбөрт ч хамруулж байгаа ажээ. Өнгөрсөн оны хувьд 18 сум, хоёр тосгоны нийт 400 малчид өрхөд 180 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн байна. 
 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ