Михал Лабенда: Польштой бизнесийн холбоо тогтооно гэдэг Европ руу орох үүд хаалга юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
mn_tuul@montsame.mn
2018-01-26 13:46:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатарт дахин  сэргээх  болсон тухай яриа хоёр жилийн өмнө болж байсан. ЭСЯ байгуулах ажил удааширч байгаа шалтгаан нь юу вэ?
 
-Намайг Монголд ажиллахаар ирэх бүрд ЭСЯ байгуулах асуудал ямар түвшинд явж байгаа талаар төр засгийн байгууллагуудаас, энгийн иргэдээс асуудаг. Бидний зүгээс Улаанбаатарт ЭСЯ-аа байгуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. ЭСЯ байгуулахгүй байгаа шалтгаан нь хөрөнгө санхүүтэй холбоотой болохоос өөр онцлох шалтгаан үгүй. ЭСЯ байгуулья гэсэн улс төрийн шийдвэрээ манай улс аль хэдийнэ гаргасан. Гадаад хэргийн сайд асан Витолд Вашчиковски болон одоогийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович нар Улаанбаатарт ЭСЯ-аа байгуулах нь зүйтэй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байдаг. Польшийн ДТГ-уудыг бусад улс оронд нээх сонирхолын нэг хэсэг нь Монгол Улс юм. Бид саяхан АНУ-ын Хьюстон хот болон Умард Ирландын Бэлфаст хотод Консулын газраа нээсэн. Манилад Элчин сайдын яамаа нээлээ. Ер нь дэлхийн улс орнуудад ДТГ-уудаа нээх болон дахин сэргээн байгуулах асуудлын нэг хэсэг нь яалтачгүй Улаанбаатарт ЭСЯ-аа нээх явдал юм.
 
-ЭСЯ-аа хэзээ нээх вэ гэдэг дээр цаг хугацааны хувьд төлөвлөсөн зүйл байна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
 
-Санхүүтэй холбоотой шийдвэр гарсан тохиолдолд ЭСЯ-аа нээнэ. Бэлтгэл ажилд хэдэн сар зарцуулах байх.
 
-Манай улс Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд ямар үйл явдал болох вэ?
 
-Тийм ээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой тохиож байна. Ер нь бид дипломат харилцаа тогтоосны түүхэн тэгш ойг жилийн тойрон тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьдог. Өмнө нь 65 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жилийн хувьд Польш Улс тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төрийн томоохон айлчлал зохион байгуулах төлөвлөгөөтэй. Мөн соёлын олон арга хэмжээнүүд зохиохоор төлөвлөж байгаа.
 
-Улаанбаатарт ЭСЯ-гүй байснаар үүсдэг хүндрэл юу вэ. Нөгөөтэйгүүр ЭСЯ байгуулснаар бий болох давуу талыг та юу гэж харж байна вэ?
 
-Улаанбаатарт байнгын үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газаргүй ч хоёр орны хамтын ажиллагаа хэвийн түвшинд үргэлжилж байгаа гэдгийг би хэлж чадах байна. Яагаад гэвэл бид өмнө нь олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд айлчлалууд хийгдэнэ гэж би түрүүнд хэллээ. Сая Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Польш Улсад айлчиллаа. Айлчлалын үр дүнд нийгмийн хамгааллын салбарт хоёр улс хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ жилдээ багтаж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Польш Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ хоёр орны Гадаад хэргийн сайд нар олон улсын аливаа арга хэмжээнд оролцох үеэрээ тогтмол уулзалт хийж байна. Соёл, урлагийн салбарт олон тооны арга хэмжээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил гэхэд Польшийн алдарт кино найруулагч Кшиштоф Занусссигийн бүтээлийг Улаанбаатарт гаргаж, Польшийн кино өдрүүдийг зохион байгууллаа. Мөн Польшийн Үндэсний баатар Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргасан.
 
Боловсролын салбарын хамтын ажиллагаа маань ихээхэн үр дүнтэй үргэлжилж байна. Өнгөрсөн жил Польшийн гурван их, дээд сургуулийн төлөөлөгч Монголд ирж ажиллах үеэрээ ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг зарим сургуультай хамтарч ажиллахаар боллоо. 2018 онд 1 дүгээр сард МУИС-ийн төлөөлөгчид Польшийн Лодзийн их сургуульд зочилж, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Айлчлалын үр дүнд “2+2+1 буюу хос диплом олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус хоёр орны хосолсон дипломтай их дээд сургуулиа дүүргэх юм.


 
-Хоёр орны харилцааны чухал нэг гүүр бол эдийн засгийн хамтын ажиллагаа. Худалдаа, эдийн засгийн эргэлт ямар түвшинд явж ирэв. Одоогийн байгаа түвшнийг та хэрхэн үнэлж байна вэ?
 
-Хоёр орны худалдааны солилцоо ер нь тогтвортой түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл жилдээ 40 сая еврогийн худалдааны эргэлт хийдэг. Үүний 95 хувь нь Польш Улсаас Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн импортлох явдал байдаг. Манай хоёр улс нутаг дэвсгэрийн хувьд алслагдмал, дээр нь Монгол Улс далайд гарцгүй улс ч гэсэн худалдааны эргэлт сайн байгаа. Түүнчлэн Польш Улсын Засгийн газраас Монгол Улсад экспортын зээл олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар энэхүү зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг авч хэлэлцээд баталлаа. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр хоёр орны эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа илүү идэвхжих юм.
 
-Польшийн бизнес эрхлэгчид  Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байдаг вэ?
 
-Польшийн бизнес эрхлэгчдийн Монголтой хийх худалдаа их онцлог. Зэргэлдээ улс орнуудын хил хязгаар давж худалдаа эрхэлдгээс өөр. Тэд Монголыг зорьж худалдаа хийдэг юм. Монгол бол бизнес эрхлэхэд таатай орчинтой улс. Мөн жуулчдын сэтгэл зүрхийг ч гэсэн их татдаг орон. Тийм болохоор тэдний анхаарлыг татахын тул “Монголд хөрөнгө оруулалт хийх, худалдаа хийх нь ашигтай” гэсэн анхаарал татахуйц мессежийг өгөх хэрэгтэй. Мэдээж энэ нь хоромхон зуур биелэгдэх зүйл биш. Урт хугацааны үйл ажиллагааны үр дүнд бий болно. Ер нь амьдрал дээрх жишээнээс харахад польшийн бизнес эрхлэгчид ДТГ-аар биш өөрсдийн найз нөхдөөрөө дамжуулж холбоо харилцаа тогтоосон байдаг.
 
-Польшийн худалдаа эрхлэгчдийг харахад тогтсон хэдэн чиглэлд үйл ажиллагаа явуулаад байх шиг. Цаашид ямар салбарт хамтрах нь илүү үр дүнтэй байх бол?
 
-Польшийн Засгийн газраас хоёр орны хамтын ажиллагаа аль салбарт илүү өгөөжтэй байх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Үүнд дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар багтдаг. Бусад салбарт ч хамтын ажиллагаа өргөжих боломжтой. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой польш бизнес эрхлэгчидтэй би уулзаж байсан. Тэд төрөөс тодорхойлсон салбаруудаас огт өөр салбарт худалдаа хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Бидний барьж буй бодлого бол худалдах, худалдан авах буюу худалдаа, эдийн засгийн салбарт анхаарлаа хандуулахаас гадна боловсрол, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх юм. Аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны хөгжил нь Польш-Монгол хоёрт аль алинд нь ашигтай тусах болно. Монголын байгаль бол үнэхээр жуулчдыг татдаг. Польш жуулчид Монголд ирэхийг их хүсдэг. Ирэхдээ ч дуртай байдаг.
 
-Тантай манай бизнес эрхлэгчид зорьж уулздаг байх. Та тэдэнд юу гэж зөвлөдөг вэ. Польшийн зах зээлд амжилттай ажиллах боломжийг нэрлээч?
 
-Хамгийн түрүүнд хамтрагчтайгаа итгэлцэл, түншлэлийн нарийн холбоосыг үүсгэх хэрэгтэй. Польш руу бизнес эрхлэх өргөн боломж бий. Польш бол Европ руу орох үүд хаалга юм. Польшийн бизнес эрхлэгчидтэй бизнесийн холбоо тогтооно гэдэг бол тэндхийн 38 сая иргэнтэй холбоо тогтоохоос гадна бүхэл бүтэн Европын хүн амтай холбоо тогтоож буй хэрэг юм.
 
-Польшийн бизнес эрхлэгчидтэй бизнесийн холбоо тогтооно гэдэг бол Европын хүн амтай холбоо тогтоож байгаатай адил юм гэсэн таны үгийг залуу бизнесмэнүүд соргогоор хүлээж авах байх. Монголчууд энэ том зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлье гэвэл аль зах зээл илүү ончтой байх бол?
 
-Польшийн Элчин сайдын хувьд би Польш орноо сурталчлах, польшийн бараа бүтээгдэхүүний чанар, давуу байдлын талаар илүү мэдээлэл өгч чадах байх. Харин Монгол Улс ямар бараа бүтээгдэхүүн Польш руу нийлүүлвэл өгөөжтэй байх вэ гэдгийг шууд хэлэх амаргүй. Монголын алдартай экспортын бүтээгдэхүүн бол ноолуур. Монголын ноолууран бүтээгдэхүүн чанартай учраас манай иргэдийн анхаарлыг татдаг. Тиймээс энд эрэлт байгаа гэж боддог. Миний бодлоор монголчуудын соёл, урлаг тэр дундаа калиграф буюу уран бичлэг гадныхны нүдэнд содон тусдаг. Учир нь хүмүүс сайн мэддэггүй зүйлүүдээ илүү анхаарч харах нь элбэг байдаг шүү дээ.
 
-Дэлхийн аль ч улс орнууд өнөөдөр өөрийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавьж байна. Хил гааль дээрээ ч, визний шалгуурт ч гэсэн нэлээн өндөр шалгуур тавих болж. Ер нь Польш Улс руу урт богино аль ч хугацаагаар зорчих иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
 
-Польш Улс нь Европын холбооны гишүүн. Мөн Шенгений бүсийн улс. Тиймээс Шенгений бүсийн улс орнууд руу зорчиход ямар шалгуур нөхцөл тавьдаг вэ, тэрхүү шалгуурыг л тавьдаг. Тэгэхээр Польшийн зүгээс Монголын иргэдэд тавьсан ямар нэг хатуу, чанга нөхцөл бол байхгүй. Тиймээс гадаад паспортоо аваад, визээ даруулсан байхад Польш улс руу зорчиход асуудалгүй.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ