Мандалговьд шинэ цэвэрлэх байгууламж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-22 18:11:04
Дундговь /МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны 6.5 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр Мандалговь хотод шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нэгжийн зөвлөхүүд оролцсон баг Дундговь аймагт ажиллаж байна.  
Мандалговийн хүн ам сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн, шинэ суурьшлын хэд хэдэн хороолол бий болсон болон төлөвлөгдөөд байгаа, одоо ажиллаж байгаа ариутгах, татуургын байгууламжийн хүчин чадал хүрэлцэхээ больж,  цэвэрлэх чадамж нь 22 хувь хүртлээ доошилсон  зэрэг нь шинэ цэвэрлэх байгууламжийг ойрын хоёр жилд багтаан барих зайлшгүй шаардлага үүсгэсэн юм. Төслийн нэгжийн зөвлөхүүд одоо ажиллаж байгаа  Цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон Засаг даргын орлогч Ж.Мөнхчулууны ахалсан техникийн зөвлөлийн бүрэлдүүн  төслийн багийнхантай ажлын уулзалт хийж шинээр барих цэвэрлэх байгууламжийн газрыг яагаад хуучин байгууламжаас 2,1 километр алс сонгосон, ойрын үед байгуулах хэд хэдэн хөнгөн үйлдвэрийн технологийн усны бохирдлыг цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэтрүүлэхгүй байх арга зам, зээлийн хөрөнгөнд тооцогдоогүй лабораторийн тоног төхөөрөмжийн төлбөрийг хаанаас гаргах зэрэг асуудлаар санал солилцлоо.
С.Пүрэвсүрэн
 
Холбоотой мэдээ