ДЦС-4 ТӨХК эзэмшлийн газраа Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр буцааж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-19 18:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын өгсөн даалгавар биелэлээ олж, ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард ДЦС-4 -т ажиллах үедээ станцын эзэмшил газраас хувь хүн, аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж байгаа зөвшөөрлүүдийг нь яаралтай цуцалж улсын өмчид хэвээр үлдээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Иймд ДЦС-4 ТӨХК хуулийн дагуу газраа буцаан авч, нэг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр барьсан 2 давхар объектоо төрд бэлэглэх хүсэлт гаргажээ.

Энэхүү компанийн эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул хамгаалалтанд байдаг. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж ДЦС-4 компанийн эзэмшлийн газар болох хашаан дотор хэд хэдэн ААН,  байгууллагад хэсэгчлэн газар олгосон байв. Уг асуудлаар ДЦС-4 компани хуулийн байгууллагад хандаж зарим нь шийдвэрлэгдсэн ч ихэнх нь хэвээр үлджээ. Станцын эзэмшлийн газарт барилга барьж, хашаа татсанаас станцын үйл ажиллагаанд саад учруулж, аюулгүй байдалд заналхийлэх болсон байна.

Одоо ДЦС-4 компани “Квадрат берг” компанид алдаад байсан 4591мкв газар болон энэхүү газар дээрх 621,5 мкв талбай бүхий төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болж байна. Тэгвэл “Оюуны холбоо” компани ДЦС-4 ТӨХК-ийн хашаан дотор 8х12 метрийн харьцаатай 96 мкв хоёр давхар 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий барилгыг мөн л дээрх газарт барьж байгуулсан байснаа төрийн өмчид бэлэглэхээр хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүртгэж улсын өмчид хүлээж авчээ.


 

Холбоотой мэдээ