Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг евро стандартаар гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-19 17:59:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хэрэгжиж эхэлнэ. Энэхүү тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг өнөөдөр боллоо.

Өдөрлөгт ЗТХЯ, УУХҮЯ болон Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд оролцож, тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлого, банкны лизингийн үйлчилгээний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч зах зээлд хүрэх, бусад улсын хооронд хийгдэж буй худалдаа тээврийн тодорхой хэсгийг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг өдөрлөгийн үеэр албаныхан онцлов. Энэ чиглэлээр ЗТХЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулсан юм. Тэрбээр “Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-аар дамжиж Европ руу, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гардаг. Үүний тулд эдгээр улс орнуудын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангах хэрэгтэй болно. ОХУ, БНХАУ 2014 оноос Евро-5 стандартыг тээврийн салбартаа нэвтрүүлсэн. Энэхүү стандартыг манай тээврийн салбар нэвтрүүлж эхлээгүй байгаа. Евро стандарт нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүртэй холбоотой стандарт бөгөөд шатахууны хэмнэлттэй, бүрэн шаталттай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай байх зэрэг шаардлага тавьдаг байна. Тиймээс дотоодын тээврийн баримт бичгийг боловсронгуй болгох, тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургаж, чадавхижуулах зэргээр дээрх стандартыг хангах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна" гэлээ.

Өдөрлөгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Уул Уурхай хүнд үйлдвэрийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хөгжлийн банк, Хас банк, “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын автомашины дистрибьюторүүдийн ассоциаци” ТББ хамтран зохион байгуулсан юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ