Угаалгын машинаар угааж болдог эсгий гутал хийжээ

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2018-01-18 11:49:31
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Хамтын хүч хөгжлийн гарц нэртэй үзэсгэлэн худалдаа нээгдээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион явуулж байна. Үзэсгэлэн худалдаанд Завханы 24 сумын 350 гаруй эмэгтэйчүүдийн урласан, үйлдвэрлэсэн 70 орчим төрлийн бүтээгдэхүүн тавигджээ.
Тухайлбал: эсгийгээр хийсэн ахуйн эдлэл хэрэглэл, хувцас, малгай дээл, гутал, цүнх, ээмэг зүүлт тэр ч байтугай хүүхдийн тоглоом хүртэл урлажээ. Түүнчлэн хонины элдсэн нэхийгээр улавч хийж зарж байсан нь үзэсгэлэнгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж байна. Цаашилбал малын давсгаар хийсэн уут, үхрийн хөөвөр болон тэмээний ноосыг зулж  эсгий дээл гээд олон содон сонин бүтээгдэхүүнүүд энд тавигджээ.
Тэлмэн сумын иргэн н.Өлзийцэцэгийн бүтээл болох малын давсагийг давс хужиртай усанд дэвтээж идээлж зөөлрүүлэн элдэж хийсэн цай, давс хужирны уут, хишгийн уут олны сонирхлыг ихэд татав. Учир нь түүний энэ бүтээлийг малчид сайн мэдэх боловч ингэж боловсруулж ахуйн хэрэглээнд хэрэглэдэггүй байна. Малын давсагаар хийсэн хишгийн уут, давсны уут нь үзэсгэлэнгийн онцлог содон “жинхэнэ эко” бүтээл байна хэмээн иргэд худалдаж авах нь их байв. Бог малын давсгаар хийсэн уут нь 5000 төгрөг, харин бод малын давсгаар хийсэн уут нь 50000 төгрөг үнэтэй юм.
Отгон сумын иргэн Ж.Лхамсүрэн малынхаа хөөвөр ноосыг гараараа зулж, сэмэлж эсгий хийгээд дээл оёсон нь 170-200 мянган төгрөгөөр зарагдаж байна. Отгон, Их-Уул сумын эмэгтэйчүүдийн урласан гурван төрлийн угалзтай, угалзыг нь зүү ороож оёсон, улыг нь мөн ширмэл хатгамлаар гоёж давхар улласан монгол гутал нь 500-аас дээш, хүүхдийн гутал 70-150 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа бол Нөмрөг сумын иргэний хийсэн бүрэн тоноглолтой эмээл гэхэд 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. 
Тосонцэнгэл сумын Түмэн Тосон ХХК-ний захиалгаар үйлдвэрлэдэг “Хүннү гутал”- үзэсгэлэнгийн мөн эрэлттэй сонирхол татсан бүтээл байв.  Зөвхөн гар аргаар эсгийгээ хийж тэмээний ноосон утсаар гараар уллаж, эсгийн дээр эсгийгээр зулж урладаг гутал бөгөөд эдэлгээ сайтай, угаалгын машинд хийгээд угаагаад өмсчихөж болдог, цэвэр байгалийн гаралтай түүхий эд ордог, бүх үйл ажиллагааг зөвхөн гараар хийдэг учраас мөш бат бөх болдог байна. "Хүннү гутал" хүүхдийнх нь 70-300 мянгаар борлуулагддаг бол насанд хүрсэн хүмүүсийн гутал нь 300-аас 600 мянгын хооронд зарагддаг байна. Мөн тус компанийн эсгийн дээрх өнгийн ноосыг ашиглан ямар ч будаг ороогүй хананд өлгөдөг эсгийн дээрх эко зураг борлуулалттай байна. Тухайлбал малын төрөл бүрийн өнгийн ноосыг ашиглан Дилов хутагтын дүрийг гаргаж урласан эсгий ханын уран зургаа 600 мянгаар зарж байгаа ажээ. 
 
Б.Мягмарсүрэн