О.Тэнүүн: Оюунлаг тамирчин бэлтгэх нь “Оюутан тамирчин” хөтөлбөрийн гол зорилго

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dusem11@yahoo.com
2018-01-17 16:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны удирдлага бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж Оюутны Лигийн тэмцээн шинэ өнгө төрхтэйгөөр эхлээд улирлын тоглолт болж байна. Оюуны ундраа пропертиз компанийн захирал, ноён О.Тэнүүн өнгөрөгч оны 10 дугаар сараас хойш тус холбоог удирдахаар томилогдож богино хугацаанд тодорхой ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.
МОСБХ-ны үйл ажиллагаа, ойрын болон хэтийн зорилго төлөвлөж буй ажлын талаар сонирхож тус холбооны ерөнхийлөгч О.Тэнүүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-“Оюутны лиг”-ийг өмнө нь МҮСБХ, МСБХ-ноос зохион байгуулж байсан. Энэ оноос хойш зөвхөн танай холбоо зохион байгуулах болсон талаар юу хэлэх вэ?

-Тиймээ. Өнгөрсөн хугацаанд “Оюутны лиг” дээрх хоёр холбооны нэр дор тус тусын менежментээр зохион байгуулж ирсэн. “Оюутны лиг” маань 18 жилийн түүхтэй. Энэ жилийн хувьд зохион байгуулах эрхийг 2017 оны 11 дүгээр сард шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, цаашид “Оюутны лиг”-ийн тэмцээнийг зөвхөн манай холбоо зохион байгуулах эрхтэй болсон. Шинэ бүтэц, менежмент, зохион байгуулалттай “Оюутны лиг” тэмцээнийг албан ёсоор  өнгөрсөн оны 11 дүгээр сард Спортын төв ордонд эхлүүлсэн. Нийт 5 сарын турш үргэлжилнэ. Энэ жилийн “Оюутны лиг”-т эрэгтэй 22, эмэгтэй 13 баг өрсөлдөж байна. Манай холбооны гол баримталж буй бодлого бол мэргэжлийн тамирчин бэлтгэхээс гадна тухайн оюутан-тамирчныг төлөвшүүлэх, сургалтын дүнд хязгаар тавьж тэмцээндээ оролцох эрх олгож байгаа. Мэргэжлийн тамирчин бол зөвхөн бэлтгэл, сургуулилт, тэмцээндээ бүх анхаарлаа хандуулдаг. Харин оюутан тамирчид хичээлээс гадна тэмцээн уралдаанд цаг гаргах шаардлагатай гэдгээрээ ялгаатай. Энэ дашрамд, оюутны сагсан бөмбөгийн төлөө хийх бидний ажлыг дэмжсэн МҮСБХ болон МСБХ-ны удирдлага хамт олонд талархал илэрхийлье.  

-“Оюутны лиг”-т сурлагын дүнгийн хязгаар тогтоож байгаа нь сонирхол татаж байна. Тамирчны ур чадвар бус, боловсролыг яагаад чухалчлав?

-Тэмцээнд оролцож байгаа оюутнууд бэлтгэл, тэмцээн гэсээр хичээл нь орхигдох тал ажиглагддаг. Гэхдээ оюутан бүр тийм биш. Хичээлээ ч анхаарч, бэлтгэл тэмцээндээ оролцдог оюутан тамирчид их биш ч байдаг. Зарим их дээд сургуулийн удирдлага, багш нар тухайн тамирчин оюутны үзүүлсэн амжилт, сургуулийн нэр хүнд зэргийг харгалзан үзэж Онц сайн дүн тавьдаг. Энэ нь тухайн оюутанд өөрт нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Нийгэмд эзэмших байр суурь, төлөвшихөд хүндрэл үүсгэдэг.  Би ч бас оюутан байсан, нэгэн цагт оюутны лигт оролцож байсан болохоор үүнийг сайн мэднэ. Оюутан тамирчдын жаргал, зовлон, тулгардаг асуудлуудын талаар сайн гадарлана. Үнэхээр л дуртай зүйлээ хийхийг хүсч байгаа бол хичээлээ ч давхар хий гэдэг шаардлагыг тавьж байгаа. Заавал онц сурах албагүй, гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болох хэрэгтэй. Энэ бол боломжгүй зүйл биш. Тиймээс оюутнууд сагсан бөмбөг сайн тоглохын зэрэгцээ боловсролоо ч ахиулаад, оюунлаг иргэн болж төлөвшөөсэй гэсэндээ “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд “Оюутны лиг”-т зөвхөн 2.0-оос дээш голчтой тамирчин өрсөлдөх боломжтой. Энэхүү голч дүнг дараа дараагийн жилээс үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.  Бид “Оюутан тамирчин” хөтөлбөр болон “Оюутны лиг”-ийн дүрэм журам, МОСБХ-ны цаашдын зорилго, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах зорилгоор Их дээд сургуулиудын багш дасгалжуулагч, удирдлагуудыг хамтарсан уулзалт зохион байгуулж Оюутан тамирчдын ирээдүйн сайн сайхны төлөө санал бодлоо солилцож нэг зүг харж чадсан. Мөн холбооны үйл ажиллагааг таниулах зорилгоор “Оюутан тамирчин” лекцийг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулсан. Тус лекцэд 200 гаруй оюутан тамирчин хамарч, надаас гадна манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Өсөхбаяр, Г.Баттөр нар илтгэл тавьж, өөрсдийн туршлагаасаа хуваалцан халуун дулаан яриа өрнүүлсэн. Тамирчид маань уг лекцийн үр дүнд маш их сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдсэн. Холбоо энэ залуусын төлөө ирээдүйд маш их зүйл хийх урам зориг өгсөн. 

-Зарим тамирчин сагсан бөмбөг тоглох авьяастай, өндөр ур чадвартай ч хичээлдээ тааруугаас болоод “Оюутны лиг”-т өрсөлдөж чадахгүй бол яах вэ?

-Цаашид сагсан бөмбөгийн чиглэлээр мэргэжлийн гараагаа эхлүүлэхэд “Оюутны лиг”-ийн тэмцээн их түлхэц болдог. Жинхэнэ өрсөлдөөн дундаас шилэгдэж гарч ирдэг. Гэхдээ чадвартай, авьяастай тамирчин байлаа гээд тодорхой хугацааны дараа тамирчны спортын замнал нь дуусах үе ирдэг. Манай нөхцөлд энэ нь 30 нас гараад ажиглагдах тохиолдол элбэг. Үүний дараа юу хийх вэ? Энэ байдал тодорхойгүй үлддэг. Тиймээс оюутнууддаа хандаж хэлэхэд, “хичээлээ битгий орхи, сайн хий” гэж зөвлөмөөр байна. Энэ нь чи өөртөө хийж байгаа том “Хөрөнгө оруулалт. “Оюутны лиг”-т энэ журмыг тусгаснаас хойш оюутан тамирчдын хичээлийн идэвх эрс сайжирч, зарим сургуулийн голч дүнгийн дундаж өмнө нь байгаагүйгээр сайжирч байна гэсэн сайхан мэдээг олон сургуулиас дуулгаж байгаа. Тухайлбал, нэг сургуулийн багш тамирчдынхаа бэлтгэл хийж буй зааланд ирж хичээлээ заасан байсан нь бидний эхлүүлсэн ажлын маш том үр дүн юм.  Үнэхээр тухайн оюутан тамирчин бидний хийж буй ажлын чин үнэт зүйлийг ухамсарлаад хичээл болон дуртай спортоо аль алинд амжилт гаргаад хичээх юм бол манай холбоо боломжит бүх талаар дэмжин туслахад бэлэн. 

-Оюутнууд өөр холбооны тэмцээнд давхар өрсөлдөх боломжтой юу?

-Бид бол сагсан бөмбөгт элэгтэй мянга мянган залуусын адилаар энэ спортын зөв зохистой хөгжил болон оюутан тамирчдынхаа эрх ашиг ирээдүйн төлөө л чадлаараа хичээж байгаа залуус. Тиймээс бид энэ холбоо, тэр холбооны тэмцээнд тоглож болохгүй гэж тамирчны эрх зөрчсөн үйлдлийг хийхгүй. Гагцхүү бид Оюутны Лиг-ийн тэмцээн нь өндөр түвшинд хөгжсөн бусад орны хөгжлийн жишигт хүргэхийг зорьж байгаа учраас хэрвээ тухайн тамирчин “мэргэжлийн” лигт тоглох юм бол оюутны лиг-т тоглох боломжгүй гэсэн бодлого баримталж байгаа. Энэ бол зөвхөн Оюутны биш цаашлаад Монголын сагсан бөмбгийн спортын хөгжлийн зөв замд орох эхлэл юм. Америкт тухайн тамирчин өдөр нь NCAA-д тоглоод орой нь NBA-д очиж тоглоод байдаггүйтэй л адил.

-Сагсан бөмбөг тоглодог хөдөө орон нутгийн оюутнуудын ур чадварыг ахиулах, холбооныхоо үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэх талаар хэр анхаарч байна?

-Мэдээж хөдөө, орон нутгийн оюутнуудыг орхигдуулахгүй. Авьяастай, мэргэжлийн тамирчнаас дутахгүй ур чадвартай ч санхүүгийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод болж буй лиг, тэмцээнд оролцож чаддаггүй олон оюутан бий. Юун түрүүнд холбооныхоо үйл ажиллагааг жигдрүүлж, эхлээд Улаанбаатар хотод амьдардаг оюутнуудад хүргэх бөгөөд түүний дараа орон нутагт хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа.

-Хүмүүс таныг “Оюуны ундраа пропертиз” компанийн гүйцэтгэх захирал гэдгээр мэднэ. Бизнесмэн залуу сагсан бөмбөгийн спортод дурлан, хөгжүүлэхээр зориход юу нөлөөлөв?

-Би багын сагсан бөмбөгийн спортод дуртай байсан. NBA-ийн тоглолтыг нойр хоолоо умартан үздэг байв. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглохоор ямар гоё гэж санана, сагсан бөмбөгийн талбай дээр гарсан мөчөөс л орчлонгоос тасарч, хамаг ядаргаа, стресс тайлагддаг. Сагсан бөмбөг их сайхан спорт хувь хүнийг төлөвшүүлэх, бие бялдарыг хөгжүүлэхээс гадна багийн спорт учраас найз нөхдийн холбоог хүртэл бататгадаг. Би АНУ-д сурч байхдаа Лос-Анжелес хотын ахлах сургуулийн багт тоглосон анхны монгол оюутан. Ингэж хэлэхээр өөрийгөө магтсан болох вий дээ (инээв). Одоо ч энэ спортод хайртай, чамлалтгүй амжилтыг ч үзүүлсэн. Чөлөөт цаг заваараа байнга сагс тоглодог. Хэрэв оюутан залуус маань хичээх юм бол ямар их боломж, гайхалтай ирээдүй байдгийг тодорхой хэмжээгээр ойлгож мэдэрсэн хүний хувьд энэ ажлыг эхлүүлсэн.

-Холбооныхоо шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар сонирхуулна уу?

-Одоогоор манай холбооны Удирдах зөвлөл үндэсний шигшээ багийн ахлах Г.Баттөр, мэргэжлийн лигт олон жил тоглож байсан Г.Өсөхбаяр, дасгалжуулагч О.Баярцогт, спортод элэгтэй, Ганжигүүр, Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй. Холбооны менежерээр Б.Цэлмүүн ажилладаг. Бид сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, оюутны ур чадварыг ахиулахын төлөө сайн дураараа нэгдсэн.

-МОСБХ-ны алсын харааг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Монголын Оюутны сагсан бөмбөгийн төлөө байгууллага учраас гадаад харилцаагаа сайжруулж Монголын оюутан залуучуудын шигшээ баг байгуулж гадаад дотоодын тэмцээнд баг тамирчдаа оролцуулж мөн багш тамирчдын хөгжлийн асуудалд анхаарахыг зорьж байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн ажлуудаа цаашид улам сайжруулж боловсруулан тогтмолжуулах гээд төлөвлөсөн ажил бий. Оюутан тамирчидаа ажил амьдралын анхны гараагаа амжилттай эхлүүлж цаашдын амьдралаа зөв замаар удирдан яваасаа гэсэн үүднээс томоохон компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, сагсан бөмбөг тоглодог дөрөвдүгээр дамжааны оюутныг дадлагажуулах, бүр цаашлаад ажилд оруулахаар ажиллаж байна. Одоогоор цөөнгүй компани бидэнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн. Ингэснээр оюутан сагсан бөмбөгчдийн амьдралыг сайжруулж, олон талын бололцоогоор хангах боломж бүрдэнэ. Эдгээр ажлуудыг хийж тухайн оюутнуудын нийгмийн асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ Монголын оюутны сагсан бөмбөгийн чадвар чансааг дээшлүүлэхэд шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

Холбоотой мэдээ