Шүлхийн вакцин нэмж авах хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-16 17:47:17
Дундговь /МОНЦАМЭ/  ОБЕГ-аас өнөөдөр хийсэн цахим хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил суманд гарсан шүлхийн өвний байдлын талаар танилцуулаад вакцины хүрэлцээ муу байгаагаас яaралтай арга хэмжээ авч өгөхийг хүслээ.
Дээрх сумдад хоёр долоо хоногийн өмнөөс голомтлон гарсан шүлхий өвчний тархалтын цагийн байдал хүндэрч өвчний тархалтыг эрүүл бүс рүү алдахгүйн тулд хамгаалалтын зурвас дахь малд хуваарилан ирүүлсэн вакциныг хийснээс голомтод байгаа малд давтан хийх вакцингүй болсон байна. 
Өвчний тархалтыг хязгаарлахын тулд голомтын бүсийн гадуур хамгаалалтын зурвас тогтоон Онцгой комиссоос хуваарилсан 25000 тун вакциныг энэ бүс дэх эрүүл малыг тарьжээ.
Аймгийн нутгийн зүүн урд талаас Гурвансайхан, Дэрэн сумын төвийг дайруулан хойш нь аймгийн нутгийн  хил хүртэл тогтоосон хамгаалалтын зурвас нь өвчнийг баруун тийш нь “Алдахгүй” байх зорилготой юм. Өвчний голомтод өнөөдрийн байдлаар 288 малыг устгаж 41 малыг тусгаарлаад байна.  Харин Төв аймгийн Баянжаргалан сумаас Дэрэн сумын нутаг Нарангийн гурван овоотод отроор өвөлжиж байгаа айл үхрээ цасан шуурганд уруудуулж Говь-Угтаал сумын өвчний голомтын зах хүргэж авсан тохиолдол гарсан байна.
Мөн Дэрэн сумаас зүүн урагш 20-35 км-т Шар тойром, Хонхор хонд гэдэг газар дөрвөн айлын малд өчигдрөөс өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээ аваад байгаа ажээ.
 
                                                                                                            С.Пүрэвсүрэн
 
Холбоотой мэдээ