Цэцэрлэгийн багачууд ундааны сав ашиглан бүтээл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-11 19:55:09
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгт “Багачуудын ногоон ордон” төсөл хэрэгжиж, хүүхдүүдэд хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг олгож байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), “World Learning” ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй “Lead Mongolia” хөтөлбөрт тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Лүндээжанцан төсөл бичиж, улсын хэмжээнд сонгогдсон 30 залуугийн нэг болж чадсан байна. Тэрбээр хөтөлбөрийн Байгаль орчин, хотжилтын багт хамрагдаж, хүүхэд, багачуудаар дамжуулан эцэг, эхчүүд, олон нийтэд хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогоор тус цэцэрлэгт хашаандаа хог хаягдал авдаг цэг байгуулан ундааны сав, тараган цавуу, сонины цаас ашиглан сандал хийх, ундааны савны ёроолоор гэрлийн бүрхүүл хийх, буйдан хийх зэрэг олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна. Ц.Лүндээжанцан хэлэхдээ “Хүн бүр л Түгээ овооны хог хэцүүдлээ гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ хогоо ангилан ялгаад дахин ашиглах талаар мэдлэг байдаггүй. Тиймээс бидний хэрэгжүүлж байгаа төсөл нь хог хаягдлын талаарх хүмүүсийн сэтгэлгээ хандлагад өөрчлөлт хийх, хүүхдэд багаас нь хог хаях, ашиглах мэдлэгийг олгож төлөвшүүлэх зорилготой юм. Ядаж л уусан ундааныхаа савыг хаях биш манай цэцэрлэгт авчраад өгчихдөг байлгахын тулд иргэн бүрийн оролцоо, орон нутгийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна” гэлээ.

“Багачуудын ногоон ордон” төсөл амжилттай хэрэгжсэнээр хог хаягдалд хандах олон нийтийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарч, хэмнэлийн дадал, хэвшлийг эзэмших, ЭКО цэцэрлэгийн сүлжээ бий болох үр дүнтэй бөгөөд БСШУСЯ-аас дэмжлэг үзүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлэх талаар ярилцсан байна.
“Lead Mongolia” хөтөлбөр нь Монгол Улсад эерэг өөрчлөлтийг авчрах чин эрмэлзэл, зорилго бүхий 25-40 насны 30 залууг хамруулж, тэдний манлайллын үр дүнгээр нийгэм дэх тоомжиргүй, идэвхгүй байдлыг эвдэх улмаар улс орны ардчиллын замналыг амжилтанд хүргэх нэгдмэл зорилгыг төлөвшүүлэхийг зорьж байгаа ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ