Б.Сувддулам: Янн Мартел бид хоёр яг адилхан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
altankhuyag@montsame.mn
2018-01-11 13:07:38

Магадгүй уншигч та “Загалмайд цовдлуулсан Христ хүн төрөлхтний өмнөөс зовж шаналж байгаа дүр үзүүлсэн бол энэ нь түүний шаналал биш салбадайн жүжиг болоод дуусах байлаа. Харин тэр жинхнээсээ үхсэн. Үүнийг Мартин ламтан ч батлан хэлэв. Христийн амнаас үхлийн амт үүрд салаагүй байж таарна” гэсэн философи өгүүлбэр хуудсан дээр нь үзэгдэх Ян Мартелийн “Пигийн амьдрал” юм уу эсвэл “Заримдаа Аннаг дурсан ярилцана. Бидний яриа голдуу л "Тэр өдрийг санаж байна уу?" гэж эхэлдэгсэн...” гэх баяр, гуниг хосолсон өгүүлбэртэй романууд уншиж байсан бол орчуулагчийнх нь нэрийг лавтайяа цээжилсэн биз ээ.

Тэгвэл Америкийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй нь болох Мэн Бүүкэрийн шагналыг хүртсэн Янн Мартелийн “Пигийн амьдрал”, Францын алдарт зохиолч Франсуаза Саганы “Сайн уу, гуниг минь” зэрэг романуудыг эх хэлнээ хөрвүүлж уран зохиолын шилдэг орчуулгын төрөлд “Алтан өд-2017”-гийн эзэн болсон, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын орчуулагч Б.Сувддуламын ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. 

-Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд- 2017” наадмын эзэн болсонд баяр хүргэе. “Тагтаа”-гийн уншигчид ч бас баярлаж байгаа болов уу.

-Миний хувьд тун гэнэтийн үйл явдал боллоо. Учир нь анх удаа уран зохиолын орчуулга хийж буй учраас “хүлээлт” байгаагүй. Харин надад маш их итгэл найдвар үзүүлж, том үүрэг хариуцлага хүлээлгэж энэхүү шагналыг олгосонд баяртай байна. Ёстой л цээжинд багтамгүй их баяр хөөр, догдлол төрж байна.

-Мэдээж 2017 онд орчуулгын чансаатай олон бүтээл хэвлэгдэж гарсан. Таны хувьд ямар бүтээл шилдэгээр шалгарна гэж бодож байв даа?

-Би хувьдаа Ж.Тэгшзаяа эгчийн орчуулсан Чехийн нэрт зохиолч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг энэ төрөлд өнгөлөх болов уу гэсэн бодолтой байсан.

-Өнгөрсөн оны 3 сард “Тагтаа”-гаас залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулсан уралдаанд орчуулгын төрөлд оролцож хоёрдугаарт байрт шалгарснаар тус хэвлэлийн газартай хамтран ажиллах болсон шүү дээ. Үүнээс өмнө юу хийдэг байсан бэ. Уран зохиолын орчуулагч болно гэсэн хүсэл дотроо тээж явдаг байсан уу?

-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи, орос хэлний багшаар төгссөн. Гэвч багшилж байхад надад мэргэжлийн “кайф” огт төрөөгүй. Түүнээс хойш ч басхүү сонирхолоосоо тэс өөр ажлууд хийж байсан. Тэгж явсаар 2013 онд МЗЭ-ээс зарласан орчуулгын өгүүллэгийн уралдаанд зориглон оролцож Оскар  Вайлдын “Алтан гургалдай ба сарнай цэцэг” гэдэг өгүүллэгийг орчуулж байсан. Энэ л мөчид надад уран зохиолын орчуулга хийж болох юм байна гэх их итгэл зүрхэнд асч билээ. Сүүлд “Тагтаа”-гаас зарласан өгүүллэгийн уралдаанд Рэй Брэдбэригийн “Африкийн онгон тал” зохиолыг богино хугацаанд орчуулж хоёрдугаар байрт шалгарсан. Тэгээд тус хэвлэлийн газрын хамт олонтой холбогдож, уран зохиолын орчуулга хийх мөрөөдлөө биелүүлж байна даа. 

-Янн Мартелийн “Пигийн амьдрал” зохиолыг өөрийнхөө хүслээр орчуулсан уу, “Тагтаа” хэвлэлийн газрын сонголтын дагуу эх хэлнээ хөрвүүлсэн үү?

-Анх хэвлэлийн газрын хамт олноос хэд хэдэн зохиол санал болгосон. Би уншиж байгаад өөрийн сонголтыг хийсэн. Гэхдээ Ян Мартелийн “Пигийн амьдрал”, Франсуаза Саганы “Сайн уу, гуниг минь” хоёулаа “Тагтаа паблишинг”-ийн сонголтоор орчуулсан номууд.


-Чамд анх уран зохиолын ном орчуулах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг тэрхэн мөчид мөрөөдөл биелж байх шиг санагдсан. Миний туйлийн ихээр хүсч явсан зүйл минь уран зохиолын орчуулга хийх байсан. Номоо бариад уншиж, орчуулж суухдаа ч тэр их аз жаргалыг би мэдэрдэг.

-Хамгийн анх ямар бүтээл орчуулж байсан бэ?

-Уран зохиолын орчуулга дагнан хийж байгаагүй ч богино өгүүллэгүүд орчуулдаг байсан. Мөн “Монсудар”-т ажиллаж байхдаа “Агуу санааг энгийнээр” гэсэн цуврал болоод эрүүл мэндтэй холбоотой ном зохиолд хамтран орчуулагчаар ажиллаж байсан.

-“Пигийн амьдрал”-ыг орчуулж байхад хүндрэлтэй зүйлүүд юу тохиолдож байв. Янн Мартел өөрөө гурван шашин шүтдэг, философийн өндөр мэдлэгтэй зохиолч шүү дээ?

-Бүх цаг заваа тухайн зохиолыг орчуулж байх даа зарцуулсан. Өмнөх ажлуудаа сайтар төлөвлөж дуусгачихаад гэртээ бүгсэн дээ. Ерөнхийдөө надад хүндрэлтэй зүйлс тийм ч их гараагүй. Янн Мартелийн бичлэгийн өнгө аясыг хөндөхгүйн тулд хооронд нь нийлүүлээд нэг өгүүлбэр болгочихмоор хэсгүүдийг ч яг тэр хэвээр нь буулгасан. Зарим нэг далайн ургамал, амьтдын нэрс зэргийг л монгол хэлнээ буулгахад хүндрэлтэй байсан бөгөөд өөр ном унших хэрэг гарч байсан. Харин өмнө нь орчуулж байсан ном маань шашинтай холбоотой байсан болохоор зохиолд өгүүлэгдэх зарим зүйлст толгой өвдөлгүйгээр бүтээлээ хөрвүүлж дуусгасан даа.


-Анх романаа ном болж гарсынх нь дараа гар дээрээ аваад хуудсыг нь эргүүлж байхад ямар мэдрэмж төрж байв даа?


-Би ээж болж хараахан амжаагүй л дээ. Гэхдээ надад дөнгөж төрчихөөд хүүхдээ тэвэрч байхдаа эх хүнийг амталдаг тэр мэдрэмж төрөх шиг болсон. Хүнээр төсөөлвөл Мартелийн “Пигийн амьдрал” хүү минь, Саганы “Сайн уу, гуниг минь” ном бол охин минь юм даа.

-Орчуулгын бүтээлийг зарим хүмүүс огт үнэлдэггүй. Хүний бүтээлийг хуулбарлаж суудаг, бичгийн “хар ажил” төдийхнөөр хүлээж авдаг шүү дээ. Гэтэл энэ бол уншигчдыг соён гэгээрүүлж буй үйл хэрэг гэж ойлгодог хүмүүс ч бас бий. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Уран зохиолын “хар ажил” гэдэг нь бол үнэн. Гэвч хүнд яагаад ч хийж чадахгүй гэж зүйл байдаг. Тухайн хүн хэчнээн мэрийгээд ч өмнөхөө мартаж, ардахаа цээжилж явсаар салан баавгайн үлгэр шиг ямарч хэлийг сурч чадахгүй байх тохиолдол байдаг. Дээр нь бид хүн төрөлхтний оюун санааны оргил болсон сонгодог зохиолыг эх хэлнээ орчуулж буй нь бахдалтай үйл хэрэг мөн гэж боддог. Хүн өөрийн дуртай зүйлийг хийх үедээ оюуны таашаал эдэлдэг шүү дээ. Үүнтэй яг адилхан орчуулга хийж нойргүй хоносон шөнө бүхэн миний жаргалтай, мөрөөдлөөрөө амьдарсан мөчүүд байдаг.

-“Пигийн амьдрал” зохиол уншигчдад хүрч, олон залуусын санал сэтгэгдлийг сонссон байх. Мэдээж анхны уран зохиолын томоохон орчуулга учраас магтаал, шүүмжлэлийн алийг нь их сонссон бэ?

-Хүмүүс нэг их шүүмжилсэн сэтгэгдэл ирүүлээгүй. Учир нь “Тагтаа” хэвлэлийн газрын ах, эгч нар маань тус номыг маш сайн редакторлож, зөв сонголтыг чухалчилж чадсан учраас тэр байх. Гэвч надад энэ бүх шүүмж, магтаал нэг их ач холбогдолтой санагддаггүй. Ганцаардаж суугаа нэгэнд ном минь гэрэл болж, найз нөхөд, хайртай хүн нь дэргэд нь ирээд суучихсан мэт уншигдаж, тэр хүнд итгэл найдварыг бий болгож өгч байвал нуруугаа хөшиж, хүзүүгээ чилтэл сууж номын орчуулга хийсний минь гавьяа биелэх нь тэр. 

-Жилийн дотор хоёр өөр роман орчуулж гаргалаа шүү дээ. Нэг нь Францын зохиолч Саганы “Сайн уу, гуниг минь” гэдэг роман байсан. Энэхүү бүтээлийн талаар яриач?

-Мэдээж жилд бүхэл бүтэн хоёр сонгодог роман орчуулж гаргана гэдэг хөдөлмөр шаардсан хүнд ажил. Гэхдээ “Сайн уу, гуниг минь” бэсрэг роман болохоор өмнө орчуулсан зохиолыг бодвол орчуулахад бэрхшээлтэй зүйл тохиолдоогүй. Тухайн үед Католик нөлөө хүчтэй байсан Европын нийгэмд шуугиан тарьсан зохиол. Олон дүрэм, журамд баригдсан тухайн нийгэмд хувь хүний сэтгэлзүйн үнэт зүйлс, эрх чөлөөний асуудлыг 18 настай охин 17 настай Сесиль охины дүрээр үзүүлснээрээ онцлогтой зохиол. Өөрийн гэсэн онцлогтой хувь хүн болж төлөвших гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд нийгмээс оноосон дүр хоёрын зөрчил дээрээс энэхүү роман үүссэн гэж хэлж болно.



-Хэл найруулгын хувьд ямархуу зохиол вэ?


-Их уянгалаг хэлтэй. Тиймээс ч орчуулахад төвөггүй урсаад явчихсан. Харилцан яриа тийм их байхгүй ч гэлээ зохиогчийн дотоод мөн чанар, хүмүүсийн дун дахь амьд харилцааг уран тансагаар илэрхийлсэн зохиол.

-Өөрийнх нь жинхэнэ нэр Франсуаза Куарег юм билээ шүү дээ. Яагаад Саган гэх бичгийн нэртэй болчихов?

-Анх романаа биччихээд насанд хүрээгүй учир хэвлэлийн газартай эцэг эхийн оролцоотойгоор гэрээ хийсэн юм билээ. Харин пүүсийн захирал байсан эцэг нь охиныхоо нэр төрийг бодож өөр нэрээр төлөөлүүлэх санал гаргасан байдаг. Ингээд Куарег өөрийн шүтдэг зохиолч Марсел Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” романы дүр Принцесс дэ Саганы нэрийг өөртөө авсан гэдэг. Хэвлэгдсэн жилдээ л Францад 350 хувь борлогдсон гэхээр ёстой л нэг шуугиулж өгсөн байгаа юм.

-Орчуулга хийж байхад хүндрэлтэй зүйлс хэр тохиолддог вэ. Ажил явж өгөхгүй хэд хоногоор ч хамаагүй нэг өгүүлбэр дээр гацчих үе тохиолдож байсан уу?

-Бие чилэх, хүзүү хөших зэрэг л жаахан хүндрэлтэй санагддаг. Түүнээс бол барагтай бэрхшээл тулгардаггүй. Заримдаа ганц нэг үгэн дээр бодох, өөр үгээр орлуулчихмаар шаардлага тулгарах эсвэл жаахан амармаар санагдсан үедээ дуртай номоо уншаад суучихдаг.  “Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дурласан хүн л уран бүтээлч болдог” гэж Янн Мартел хэлсэн байдаг шүү дээ. Бид хоёр яг адилхан. Учир нь тэр хүн зохиол бичих ажилдаа чин сэтгэлээсээ дурладаг бол би орчуулга хийж байхдаа бүхий л сэтгэл зүрхээ шингээж, унших явцдаа дотоод сэтгэлээ дахин шинээр нээж өөрийгөө урлаж бүтээдэг.

-Хэвлэлийн газрын захиалгаар бус өөрийнхөө сонголтоор бүтээл орчуулахсан гэж бодож байв уу?

-Тэр тухай огт боддоггүй. “Тагтаа”-гийнхантай учирсан нь миний хамгийн гэрэлтэй одыг тэнгэрээс шүүрчихсэн хэрэг. Өнөөдөр тус хэвлэлийн газрын хамт олны сонголтонд эргэлздэг залуу уншигч ховор болсон. “Тагтаа” гэсэн логотой ном гэрийнх нь номын санд үгүй бол тулхтай сайн уншигч гэж нэрлэгдэхээргүй хэмжээний нэр хүндийг тус газрын хамт олон маш богино хугацаанд олж авсан. Энэхүү богино хугацаанд олж авсан нэр хүнд тэндий орчуулгын чанар чансаа, номын сонголт нь хэр оновчтой байсан бэ гэдгийг илтгэж байна шүү дээ. Мэдээж хувь хүнд өөрийн гэсэн орон зай, сонирхол байдаг. Гэхдээ тэр бүхэнд минь “Тагтаа”-гийн хамт олны сонголт 100 хувь нийцдэг.



-Дараагийн орчуулгын ажилдаа орчихсон байгаа юу?

-Яг одоо Туркийн алдарт зохиолч Орхан Памукын “Истанбул: Дурсамж хот” гэх намтарын шинжтэй зохиол орчуулж байгаа. Мөн л “Тагтаа” хэвлэлийн газрын сонголт. Өмнө нь тус хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагчдын нэг Б.Баясгалангийн орчуулсан “Цас” романаар нь уншигчид Нобелийн шагналт Орхан Памук зохиолчтой хэдийн танил болчихсон биз ээ. Цаашдаа олон шинэ номоор уншигчидтайгаа уулзана биз ээ.
 
Ярилцсан: Б.Алтанхуяг 
Холбоотой мэдээ