Утааг багасгах уран сонин шийдлүүд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-01-11 12:28:29
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд хамгийн ихээр эрсдэл учруулж буй экологийн гамшиг болон хувирчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, жил бүр 3 сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна. Өдгөө 10 хүн бүрийн ердөө нэг нь л ДЭМБ-аас тавьж буй агаарын чанарын шаардлагыг хангасан хотуудад амьдардаг гэсэн тоо бий.

Энэтхэгийн Дели хотод агаарын бохирдлын улмаас оршин суугчдынх нь нас 6,3 жилээр богиносч байгаа бол Лондон хотод нас барсан 12 хүн тутмын нэг нь бохир агаараар амьсгалсны улмаас хорвоог орхижээ.

Дэлхий дахиныг нөмөрсөн энэ их гай гамшгаас хүн төрөлхтнийг аврахын тулд орон орны инженерүүд, зохион бүтээгчид ухаан бодлоо уралдуулж, элдэв арга чарга хайсаар байна. Болохоос болохгүйг хүртэл янз бүрийн аргыг сэдэж, хийж хэрэгжүүлж байгаа боловч агаарын бохирдлыг багасгах, арилгах төгс шийдэл олдоогүй хэвээр.

Ингээд өмнөд хөрш Хятад улсын болон бусад орны зохион бүтээгч эрдэмтдийн дэвшүүлсэн болон хэрэгжүүлж байгаа өвөрмөц санаа шийдлүүдийг сонирхуулъя.

1.Утааг сорогч бичил цамхаг

2014 онд Хятад улс агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, нэг шоо метрт ногдох PM2.5 тоосонцрын хэмжээг 25 микрограммаас хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавьжээ. Тухайн үед Airpocalypse гэдэг нэртэй болсон Бээжингийн утаа нь дээрх норм хэмжээнээс 10 дахин давж байлаа. Түүнчлэн Хятадын хамгийн бохир хот болох Шижяжуанд дээрх хэмжээ жилийн дунджаар 305 мкгр-д хүрч байв.

Энэ үед утааг бууруулахад чиглэсэн технологийн маш сонирхолтой шийдлийг Бээжин хотод туршсан байна. Холландын зохион бүтээгч Даан Рүүзгард утааны асуудлыг шийдэхээр 2013 онд Бээжинд иржээ. Гурван жилийн дараа буюу 2016 онд тэрбээр Хятадын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр «Smog Free Tower» гэдэг 7 м-ийн өндөртэй бичил цамхагийг хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд босгосон байна. Үс самнах үед тогтмол цахилгаан гүйдэл үүсдэг зарчмаар агаарыг бохирдуулагч бичил тоосонцрууд цамхаг руу сорогдон ороод нэмэх цэнэгтэй болно. Бичил тоосонцруудыг сөрөг цэнэгтэй хавтанцраар барьж авснаар цэвэр агаар цамхагийн нөгөө талаар үлээгдэн гарна.  



Гэхдээ Рүүзгаард энэ талаарх нарийн ширийн зүйлийг тайлбарлахаас цааргалж байгаа юм. Түүний зохион бүтээсэн цамхагийг саявтархан патентжуулсан учраас тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Харин түүний ярьснаар, бичил тоосонцруудыг сорж авахад цахилгаан эрчим хүчийг төдийлөн ихээр зарцуулахгүй аж. Тодруулбал, уг цамхаг нь хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй орон зайд буй хорт бодисуудын хатуулаг хэсгүүдийн 75-аас дээш хувийг сорон авч чадах бөгөөд ингэхдээ ердөө 1400 Вт-ын эрчим хүч хэрэглэх гэнэ. Харьцуулваас, энэ нь ширээн дээр байрлуулдаг агаар цэвэршүүлэгчээс бага цахилгаан “иднэ” гэсэн үг.  

2.Байшингуудыг титаны давхар исэл агуулсан хавтангаар өнгөлөх

Берлин хотын уран барилгач Аллисон Дринг автомашины утаанаас ялгарч буй азотын давхар ислийг багасгах зорилгоор сонирхолтой санаа дэвшүүлжээ. Энэ нь барилгуудыг титаны фотокаталитик давхар ислээр бүрнэ гэсэн үг. Титаны давхар исэл TiO2 нь нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар азотын давхар ислийг азотын хүчил болгон хувиргах ба азотын хүчил нь хор нөлөөгүй ердийн давс болон хувирч, борооны усанд угаагдана.

Барилгын гадаргуун талбайг аль болохоор том байлгах, ингэснээр бүх талаасаа аль болох их хэмжээний агаарыг шингээдэг байлгахын тулд тухайн барилгыг далайн шүр мэт хэлбэртэйгээр барьжээ. Аллисон Дринг-ийн загвараар Мексик улсын өмнөд нутагт барьсан Manuel Gea Gonzalez гэдэг 2500 хав.дөр.м талбай бүхий орчин үеийн эмнэлгийн барилга нь агаарын бохирдлыг өдөрт 1000 автомашины ялгаруулах утаатай адил хэмжээгээр багасгаж байна.   

     

Түүнээс гадна, титаны давхар ислийн шинж чанарыг ашиглан Италийн химич Луижи Кассар агаар дахь хорт бодисуудыг саармагжуулдаг цементийг гарган авчээ. Энэ цемент нь бетоныг илүү үзэмжтэй, өнгөлөг харагдуулдаг байна. Уг технологийг ашиглан 1996 онд Ром хотноо Баярын сүмийг босгожээ.

Титаны давхар исэл нь фотокаталитик шинж чанартай бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр энэ шинж чанар нь тод илэрдэг. Нарны хэт ягаан туяа нь титаны давхар исэл ба азотын давхар исэл зэрэг хорт бодисуудын хооронд явагдах химийн урвалыг идэвхжүүлдэг /катализатор/ байна. Үүний дүнд агаар бохирдуулагч хий, бодисууд хөнөөл багатай өчүүхэн жижиг хэсгүүдэд задардаг болохыг өмнөх жишээнд дурдсан билээ. 



3. Дроныг ашиглах

Бээжин хотын захиргаа маш сонирхолтой өөр нэгэн санаа сэдсэн нь нисгэгчгүй нисдэг аппаратыг /parafoil drone/ ашиглан химийн бодисыг агаарт цацах явдал гэнэ. Ийм дроныг Хятадын AVIC корпорацид үйлдвэрлэж, 2014 оны 3 дугаар сард туршсан байна. Уг аппарат 700 кг жинтэй химийн бодисыг тээвэрлэж,  түүнийгээ 10 км-ийн голчтой орон зайд цацаж чадна. Үүний дүнд агаар дахь хорт бодисууд хөлдөж, газарт унах юм.



Гэхдээ ийм арга үр дүнтэй гэдэг нь эргэлзээтэй. Учир нь, тэртэй тэргүй хорт бодисонд идэгдсэн агаар мандалд дахиад л химийн бодис цацагдана, хоёрдугаарт, эдгээр бодис  усан сан дотор унаж, ундны усыг хордуулах магадлал маш өндөр. Агаарт байсан хорт бодисууд газарт унасныхаа дараа усанд угаагдан арилах, эсвэл хоргүй бодис болон хувирснаар байгаль орчинд эргэн тархдаг байх нь маш чухал болой. 

4. Рекламны самбаруудыг ашиглах



Перу улсын Техник технологийн их сургуулийн эрдэмтэд зар сурталчилгааны нүсэр том самбаруудыг ашиглан агаарын бохирдолтой тэмцэх аргыг сэджээ. Сурталчилгааны ийм самбарыг Перугийн нийслэл Лима хотын бохирдолт хамгийн ихтэй газарт босгосон байна. Энэ самбар термодинамикийн хуулийн дагуу ажилладаг аж. Тодруулбал, агаарыг усан дундуур нэвтрүүлснээр түүнд байх шороо тоос, бактер зэрэг бохирдуулагч бодисуудыг шүүж аваад дараа нь цэвэр агаарыг гадагш нь түгээнэ. Рекламны нэг ийм самбар нь өдөрт 100 мянган шоо.м агаарыг цэвэрлэснээр 1200 ширхэг модыг орлож чадах гэнэ.

5. Супер мод



Мөн Перу улсын Tierra Nuestra компани “Супер мод” гэдэг нэртэй агаар цэвэрлэх технологийг анх удаа боловсруулсан байна. Энэ мод нь гаднах агаарыг сорж аваад, термодинамикийн даралтаар агаар дахь хорт бодисуудыг устай хольсноор цэвэр агаар гарган авдаг байна. Энэ явцад бага зэргийн ус, шавар шавхай гарах боловч тэдгээрийг муу усны хоолойгоор зайлуулж болно. “Супер мод” нь өдөрт 200 мянган шоо.м агаарыг цэвэрлэх хүчин чадалтай ба нүүрстөрөгчийн давхар исэл, нян, бактериудыг устгадаг.

6. Манангийн их буу

Бээжин хотынхон агаарын бохирдолтой тэмцэхийн тулд олон арга сэдсэний нэг нь “Манангийн их буу” юм. Энэ нь усан манан үүсгэх зориулалттай техник аж. Ийм их буунуудыг анхандаа барилгын талбай, уурхайд үүссэн тоос шороог багасгахад ашиглаж байсан бол сүүлийн жилүүдэд агаар дахь тоосонцор, хүнд металлуудыг газарт буулгах зорилгоор хэрэглэж байна.



Ачааны машин дээр суурилуулсан “Манангийн их буу” нь микроноор хэмжигдэх нарийн ширхэгтэй усны дуслуудыг агаарт цацах ба тэдгээр нь тоосонцрын ширхэгүүдтэй нийлж газарт унадаг аж.

Их буунууд үр дүнтэй гэдэг нь батлагдсан боловч тэдгээрийг хэрэглэх хүрээ хязгаарлагдмал байгаа юм. Энэ бол утаатай тэмцэх олон аргуудын зөвхөн нэг нь ажээ. Үйлдвэр, аж ахуйн газруудын ялгаруулж буй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг байнга хатуу хянаж байх нь хамгийн шилдэг арга мөн гэж Бээжин хотын захиргаа урьдын адил үзэж байна.

7. Andrea Air

Тасалгааны цэцэг нь агаарыг шүүж цэвэрлэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Өрөөнийхөө агаарыг цэвэршүүлэхийн тулд цэцэг тарьж ургуулдаг хэн бүхний сонирхлыг Andrea Air гэдэг шинэ төхөөрөмж татах нь гарцаагүй. Энэ гажет нь цэцэг ургамлын хувьд агаарын бохирдлыг багасгах чадварыг нь нэмэгдүүлдэг.



Andrea Air нь вентиляторын тусламжтайгаар агаарыг цэцгийн навч болон үндэс, ус, хөрсөөр дамжуулан гаргаснаар тасалгааг цэвэр агаартай болгодог байна. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмж амьд шүүлтүүр бөгөөд дотор нь байрлуулсан цэцэг ургамлын тусламжтайгаар хорт бодисын тархалтыг зогсоодог.

RTP Labs лабораторийн явуулсан судалгаагаар, саванд суулгасан ердийн тасалгааны ургамалтай харьцуулахад уг төхөөрөмж нь хамаагүй илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан байна. Andrea Air дотор ургуулсан цэцэг 10 дахин илүү хурднаар агаарыг цэвэрлэдэг ба формальдегидийг агаараас 3,6 дахин илүү үр дүнтэйгээр гадагшлуулдаг аж. НЕРА хэмээх шүүлтүүр болон нүүрстөрөгчийн шүүлтүүртэй харьцуулахад Andrea Air нь 44 дахин илүү үр дүнтэйгээр формальдегидийг гадагшлуулдаг болох нь тогтоогджээ.

8. Нүүрснээс хий гарган авах



Нүүрс зэрэг органик түлшнээс байгалийн хий гарган авах технологи аль хэдийн бий болсон бөгөөд үүнийг хятадууд маш ихээр сонирхож байгаа юм. Тэд 2020 он гэхэд хийн хэрэгцээнийхээ 12,5 хувийг нүүрснээс гарган авсан хийгээр хангах зорилт тавьсан байна. Эл зорилгоор 18 үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөжээ. Гэхдээ үүнтэй холбоотойгоор үүсч буй нэгэн бэрхшээлтэй асуудал бол, нүүрснээс байгалийн хий гарган авах явцад асар их хэмжээний хүлэмжийн хий ялгардаг явдал юм.

9. Уулыг нураах



1997 онд Хятадын Ланжоу хотын эрх баригчид агаарын бохирдолтой хатуу тэмцэхээр шийджээ. Үүний тулд 1700 м өндөр уулыг нураан зөөх шийдвэр гаргасан байна. Ланжоу хот уулуудаар хүрээлэгдсэн нам дор газар байрладаг бөгөөд олон уулын аль нэгийг нураан зайлуулах аваас хот руу салхи чөлөөтэй нэвтэрч агаар нь цэвэршинэ гэж хотын инженерүүд үзжээ. Ингээд дээрх уулын талыг нь нураасан боловч агаарын бохирдол огт буурсангүй. Үүнээс хойш уг “технологийг” өөр газарт хэрэглээгүй байна.

Б.Адъяахүү  

Эх сурвалж: http://eccoo.ru
 

Холбоотой мэдээ