АТГ-аас Шадар сайдад зөвлөмж гардуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-01-03 17:45:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилласан дүнгийн талаар танилцуулав.

Зөвлөмжид мэргэжлийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг гэрээгээр хүлээлгэсэн нь авлига үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг шат шатандаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжээс үндэслэлгүй төлбөр, хураамж авахгүй байх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн зардлыг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулахгүй байх, худалдан авах ажиллагааг хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг үнэлгээний комисст тогтмол оролцуулах, тендерийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах зэрэг 19 зүйл бүхий арга хэмжээг дээрх нэр бүхий агентлагуудын түвшинд авч хэрэгжүүлэх талаар дурджээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөмжийг хүлээн аваад цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Н.Туяа
Холбоотой мэдээ