Энэ сарын наймнаас хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-03 14:55:41
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт  цас их орж өвөлжилт хүндэрсэн тул бэлчээрийн өвс, тэжээл хомсдож малчдын 80 орчим хувь нь малаа байнгын өвс, тэжээлээр хангах шаардлага гарчээ.
Иймд малчид хөнгөлөлттэй үнээр өвс худалдаж авах хүсэлтээ Баян-Өндөр суманд хүргүүлжээ. Үүний дагуу энэ сарын 8-наас аймгийн “Аюулгүйн нөөц”-өөс малчдад өвс, тэжээл нийлүүлэхээр болсон байна. Ингэхдээ нийт малыг хонин толгойд шилжүүлж малчин өрхөд тэгш хуваарилах бөгөөд нэг боодолд өвсийг 5000, тэжээл нэг шуудайг 8000 төгрөгөөр хөнгөлөлттэй болон зээлээр олгох гэнэ. Урьдчилсан дүнгээр аймгийн  хэмжээнд 2400 тонн өвс, 200 тонн тэжээл шаардагдах ажээ.  
2017 оны мал тооллогын дүнгээр 134 мянган толгой мал тоологдож малчин 621 өрх, айл байна гэж бүртгэгдсэн байна.  Өнгөрсөн онд Жаргалант, Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 150 тонн буюу 7500 боодол өвс, 50 тонн буюу 200 шуудай тэжээлийг “Аюулгүйн нөөц”-д нөөцөлжээ.
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ