Сурагчдын дунд дарамт, шахалт байгааг судалгаагаар баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-03 12:51:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сурагчдын дунд үе тэнгийн дарамт шахалт их байгаа талаар 70321111 утсанд ирж буй гомдол, мэдээллийг шалгах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудын орчинд судалгаа хийлээ.
2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийнхний дарамт шахалт хэр байсан талаарх тандалт судалгааг Арвайхээр сумын дөрвөн сургууль, МСҮТ-ийн 600 гаруй сурагчдын дунд явуулсан байна. Судалгаагаар “сурагчид өөр хоорондоо эвтэй харьцдаг, сургуулийн зүгээс сурагчдын дунд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайтар зохион байгуулдаг” гэх үнэлгээг сурагчдын 74,3 хувь нь өгсөн бол 25,7 хувь нь үүнтэй санал нийлээгүй байна. Мөн “сургуулийн орчинд сурагчид бусдыгаа дээрэлхэх, зодох, шоолох сөрөг хандлага давамгайлдаг” хэмээн 38,5 хувь нь мэдээлсэн бол 42,2 хувь нь “ийм асуудал маш бага байдаг”, 19,4 хувь нь “ийм асуудал гардаггүй” гэжээ.
Судалгааны дүнг нэгтгэхэд судалгаанд хамрагдсан 609 сурагчийн 30 хувь нь үе тэнгийхний дарамт, шахалт байдаг гэх хариултыг өгсөн тул багш, сурагчдын дунд дарамт, шахалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ