Энэ сард олон жилийн дунджаас бага цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-03 12:09:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Цаг агаарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сарын хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, салхи зарим газраар 12-14 м/с, түр зуур 18-20 м/с-д хүрч ширүүсэх төлөвтэй байна.  

Агаарын температурын дундаж нь 19-24 градус хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байх аж. Нэгдүгээр 10 хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, бусад хугацаанд шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутгаар уулаараа 3-8 см, Цэнгэл, Толбо сумын нутгаар 5-10, Алтай, Сагсай, Улаанхус сумдын нутгаар 10-15 см цастай бөгөөд өвөлжилт харьцангуй сайн байгаа ажээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ