Өндөржүүлсэн бэлэн байдалд 7350 гаруй алба хаагч ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-01-02 17:04:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангаж, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар удирпагын өгсөн үүргийг гүйцэтгэж ажилласан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 660 алба хаагч /давхардсан тоогоор/, 224 авто машин техник хэрэгсэлтэй хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллав.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 24, обьектын гал түймрийн 50, нийт 74 удаагийн дуудлагаар ажиллаж, 55 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 1829 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 7358 алба хаагч жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ