Ихэнх нутгаар өдөртөө 15-20 хэм хүрч хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-01-02 16:01:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. 

Тодруулбал энэ сарын  4, 5-нд  говийн аймгуудын нутаг болон баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ