Холливудын эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл хэрэгжүүлж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2018-01-02 09:27:08
НЬЮ-ЙОРК. /Нью-Йорк Таймс/. Кино урлагийн салбар болон бусад салбарт ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэхэд туслах зорилго бүхий төслийг Холливудын эмэгтэй жүжигчин, зохиолч болон найруулагчид нийлсэн 300 гаруй хүн хэрэгжүүлж эхэллээ.

“Цаг нь болсон” нэртэй энэхүү төслийн танилцуулга, сурталчилгааны нэг нүүр дүүрэн материал “Нью-Йорк Таймс” сонины даваа гарагийн буюу өчигдрийн дугаарт гарсан байна.

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугиан өнгөрөгч оны 10 дугаар сарын эхээр дэгдсэний дараа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли болон Эшли Жудд нар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалах болсон юм. Х.Вайнштейнаар эхэлсэн бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан АНУ-ын улс төр рүү хальж, тус улсын Конгрессын хэд хэдэн гишүүн огцроод байгаа билээ.

Энэ дуулиантай холбоотойгоор санаачилсан “Цаг нь болсон” төслийг хэрэгжүүлэхэд 15 сая ам.доллар босгох зорилтыг төслийг санаачлагчид тавиад байсан аж. Тэгвэл энэ 15 сая долларын санхүүжилтийн 13 сая гаруй долларыг нь хэдэн зуун эмэгтэй жүжигчин, тухайлбал Натали Портман, Риз Уизерспун, Кейт Бланшетт, Ева Лонгория  болон Эмма Стоун нар хандиваар босгоод байгаа гэнэ.

Энэхүү төслийн хүрээнд босгосон мөнгийг ажлын байран дахь эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхэд зарцуулах аж.

2017 онд АНУ-д төдийгүй дэлхий дахинд бэлгийн хүчирхийлэл олны анхаарлын төвд байсан юм. Үүнтэй холбоотойгоор бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, хүчирхийлэгчдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хөдөлгөөн өрнүүлсэн хүмүүсийг Америкийн алдарт “Тime” сэтгүүл “Аниргүйг эвдэгсэд” гэж нэрлэж, тэднийг 2017 оны “Оны хүн”-ээр нэрлэсэн билээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ