Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2017-12-31 18:22:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэгээр ахлуулсан баг өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д 10-15 цагийн хооронд ажиллаж, шинэ жилийн баярын өдрүүдээр хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, ачаалалтай газар дээр нь танилцаж дэмжлэг үзүүлж ажиллалаа. 

 

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 256 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 71 нь хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн ор 65, нэмэлтээр 6 ор дэлгэсэн. Хүний нөөцийн хувьд нэмэлтээр резидент эмч, сувилагч тус бүр нэг ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 4 хүүхэд эмчлэгдэж байна. Эм, хэрэгслийн хувьд антибиотикийн сонголт дутагдалтай. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт нийт 73 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Хүүхдийн тасгийн үндсэн ор 60. Нэмэлтээр 10 ор дэлгэсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн  хүүхдийн эмнэлэгт хоногт 249 хүүхэд үйлчлүүлсэн. Үндсэн 165 ортой, нийт 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Нэмэлтээр 30 ор дэлгэсэн ба эрчимт эмчилгээний тасагт 9 хүүхэд эмчлэгдэж байв.  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт 190 ортой, 208 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 182 нь хүүхэд байна. Хүүхдийн тасгийн 80 ор хүрэлцэхгүйн улмаас насанд хүрэгчдийн 102 орыг суллан хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж ачааллыг зохицуулжээ. Мөн эмч нарын өрөөг суллан нэмэлтээр ор дэлгэсэн ба 00 өрөөг хэвтэн эмчлүүлэх тасаг болгон засварлаж байв. 

 

ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасгаар нийт 252 хүүхэд үйлчлүүлж, 37 хүүхэд эмнэлэгт хэвтжээ. ЯТТ нь үндсэн 6 ортой, нэмэлтээр 15 ор бэлтгэсэн. Нэмэлтээр 8 эмч, 3 сувилагч яаралтай тусламжийн тасагт ажиллаж байв. Эрчимт эмчилгээний тасагт 20 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 7 нь хөдөө орон нутгаас ирсэн хүүхэд юм. Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт 40 хүүхэдтэй байсан бөгөөд нэмэлтээр 10 ор дэлгэсэн байна.

Хүүхдийн эмнэлгийн ачаалал их хэвээр байгаа хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг сайн ханган ажиллаж байна гэж тус баг үзжээ.

Холбоотой мэдээ