"Арвантавны цагдаа" 1000 ам.доллараар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-30 12:33:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагчийг тодруулж, "Арвантавны цагдаа" цом, өргөмжлөлөө гардууллаа. 

Уламжлал болсон "Арвантавны  цагдаа" цомын эзнээр энэ удаад Монголын цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж буй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, харуулын цагдаа Т.Мөнхсайхан тодорчээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн үүсгэн байгуулсан "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан "Арвантавны цагдаа" хэмээх хүндтэй шагналыг уламжлал болгон 10 дахь жилдээ олгож байгаа билээ.
Өмнөх жилүүдэд "Арвантавны цагдаа" цомыг нэг сая төгрөг дагалддаг байсан бол шилдгийг тодруулж эхэлснээс хойш 10 жилийн тэгш ой тохиож байгаа учраас энэ удаад 1000 ам.доллар дагалдуулан өгчээ. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гардуулан өгөөд, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүслээ. 
Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 онд шинээр мэндэлсэн 14 хүүхдэд 200 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардуулан өгөв.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ