2017 онд дэлхийн спортын салбарт болсон онцлох 10 үйл явдал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-12-28 15:52:38
 БЭЭЖИН. /Шиньхуа/. Улиран одож буй 2017 онд дэлхийн спортын салбарт болсон гол 10 үйл явдлыг Хятад улсын төрийн мэдлийн “Шиньхуа” агентлаг онцолжээ.

1.   Хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын тоог 48 болгов

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА 2017 оны нэгдүгээр сарын 10-нд Швейцарийн Цюрих хотноо хуралдан 2026 оноос эхлэн ДАШТ-д оролцох багуудын тоог 48 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. 48 баг нь гурав гурваараа 16 хэсэгт хуваагдан тоглоно.



2.    Хиймэл оюун ухаанд го даамын дэлхийн аварга хожигдов

“Гүүгл” компанийн харьяа “Дийпмайнд” компанийн хөгжүүлж буй “АльфаГөү” хиймэл оюун ухаан нь энэ оны тавдугаар сарын 27-нд Хятад улсын Ужэнь хотод  го даамын дэлхийн аварга Кө Жие-г хожсон нь дэлхийн спортын төдийгүй хиймэл оюун ухааны салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа. “АльфаГөү” нь түүнтэй гурав тоглосны хоёрт нь хожсон юм.



3.   Талбайн теннисний өнөө цагийн одод

Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер,  Испанийн теннисчин Рафаэл Надал нар энэ онд болсон талбайн теннисний дөрвөн  “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр хоёр түрүү авсан юм.

Өдгөө 36 настай Р.Федерер энэ онд “Австралийн нээлттэй тэмцээн” болон Уимблдоны АШТ-д түрүүлснээр “Их дуулга”-ын 19 цомтой болсон бол 31 настай Р.Надал нь “Францын нээлттэй тэмцээн”-д 10 дахь удаагаа түрүүлснээс гадна “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлжээ.



4.   “Цахилгаан” Болт зодог тайллаа

Дэлхийн 11, олимпийн найман удаагийн аварга Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт энэ оны наймдугаар сарын 13-нд Лондон хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцсоныхоо дараа зодог тайлсан юм. “Цахилгаан” хочит У.Болт Лондоны ДАШТ-ий 100 м-ийн уралдаанд 9.95 секундийн амжилтаар гуравдугаарт барианд орсон билээ. Энэ нь түүний спортын замналын сүүлчийн уралдаан байв.
 


5.   “Парис-2024” ба “Лос-Анжелес-2028”
 
Олон улсын олимпийн хороо энэ оны 9 дүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болсон 131 дүгээр чуулганыхаа үеэр 2024 он зуны олимпийг зохион байгуулах эрхийг Францын нийслэл Парис хотод, 2028 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг  АНУ-ын Лос-Анжелес хотод өгсөн юм.



6.   Цахим тоглоомуудыг “спортын төрөл” гэж хүлээн зөвшөөрөв

Олон улсын олимпийн хороо энэ оны 10 дугаар сард цахим тоглоомуудыг “спортын төрөл” гэж хүлээн зөвшөөрсөн юм. Мөн Азийн олимпийн зөвлөл энэ оны дөрөвдүгээр сард цахим спортыг 2022 онд Гуанжоу хотод болох Азийн наадмын хөтөлбөрт багтаана” гэж зарласан билээ.



7.   Хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн

Ирэх онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын нэрс энэ оны 11 дүгээр сарын 15-нд эцэслэн тодорсон юм.

Исланд болон Панамын шигшээ баг анх удаагаа ДАШТ-д оролцох эрхтэй болж чадсан бол Итали, Нидерланд, Чили болон АНУ гэсэн “шаркууд” Оросыг зорих тасалбараа авч чадаагүй. Анх удаагаа Азиас таван баг хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон чадсаныг энд дурдах нь зүйтэй.



8.   Оросын тамирчид улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцох боломжгүй болов

“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын үеэр “зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн нь шалтгалтын явцад тогтоогдсон” гэх үндэслэлээр Оросын шигшээ багийг “Пёнчан-2018”  өвлийн олимпод оролцохыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ хориглосон юм. Гэхдээ “нэр цэвэр тамирчид” Оросын нэрийн өмнөөс бус “Оросын олимпийн тамирчид” гэх нэрээр олимпийн тугийн дор Пёнчаны олимпийн наадамд оролцож болно гэж ОУОХ мэдэгдсэн билээ.



9.   К.Роналду “Алтан бөмбөг”-ийнхөө тоогоор Л.Месситэй зуузай холболоо

Португалын алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду дэлхийн оны шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг энэ онд тав дахиа хүртсэнээр энэ шагналыг авсан тоогоороо Аргентины од Лионель Месситэй зуузай холбосон юм.

Өдгөө 32 настай К.Роналду нь мөн энэ оны 10 дугаар сард ФИФА-гийн “Оны хамгийн шилдэг эрэгтэй тоглогч” шагналыг хүртсэн билээ.




10.  Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө өндөрт дүүлэн нис

“Бээжин -2022” өвлийн олимп болон паралимпийн наадмын “Өвлийн мөрөөдөл” ба “Өндөрт дүүлэн нис” нэртэй бэлгэ тэмдгүүдийг энэ сарын 15-нд Бээжин хотноо албан ёсоор танилцуулсан юм.



Г.Доржханд
 

Холбоотой мэдээ