“Тусгаар тогтнол ба Богд Хаан” сэдэвт уулзалт боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-28 13:30:27

Үндэсний хувьсгалын 106 жилийн ойг угтан Үндэсний номын сангаас “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт уулзалт ярилцлага, цуврал үзэсгэлэнг дэлгэлээ.

Уулзалт ярилцлагад Төрийн шагналт, ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт лекцийг оюутан, сурагчдад уншлаа.

Тэрбээр “Эрх чөлөө тусгаар тогтнол эрхэм гэдгийг улам чухалчлах цаг үе ирсэн” гэдгийг онцлоод “Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн их ёслол 1911 оны 12 дугаар сарын 29-нд Хүрээнд болжээ. Богд Жавзандамба хутагт алсын хараатай, цэгцтэй, няхуур бодлого баримталсны үр дүнд монголчуудын үндэсний тэмцэл амжилт олж, монголын тусгаар тогтнол, төр улс сэргэсэн юм” гэв.

Энэ үеэр Төрийн шагналт О.Батсайханы бүтээлүүд болон “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол” хэвлэмэл номын үзэсгэлэн 3 давхарт гарсан бол “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” гар бичмэл номын үзэсгэлэн, “Богд хаан, Эх дагинын алтан товчит өргөмжлөл”, “Монголын нууц товчоо” үзэсгэлэнг Үнэт, ховор номын музейд дэлгэсэн байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд