Төрөх эмнэлгийн барилгыг буулгахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-26 16:54:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд 2011 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.
Анх Эрүүл мэндийн яамны харьяанд зарласан тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдий хүрсэн байдаг. Энэ хугацаанд барилгын ажлын суурь, бетон хийцэд өөрчлөлт гарч цементийн хатуулаг болон бат бөх чанарын хувьд шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг саяхан мэргэжлийн байгууллага гаргажээ. Тиймээс дутуу барьсан барилгыг буулгахаар болсон аж.
Мөн гүйцэтгэгч компанийг хууль хяналтын байгууллагад өгсөн байна.  Харин орон нутгаас төрөх эмнэлгийн барилгын  хуучин зураг төсвийг ашиглаж дэргэд нь дахин эмнэлгийн барилга барихаар болсон аж. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ