Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүдийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-12-26 15:00:06
 Увс /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан чанарын шаардлага хангахгүй эм тариа, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, акцгүй архи зэрэг 147 нэр төрлийн 3255 ширхэг 7,9 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн байгууллагынхан устгалд орууллаа.
Захиргааны зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, устгах асуудлыг аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд шийдвэрлэжээ. Энэ бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, МХГ, Гаалийн алба, Татварын хэлтэс зэрэг байгууллагуудын төлөөлөл багтсан байна. Ард иргэдэд хандан чанарын шаардлага хангаагүй эм тариа авахгүй байх, гарал үүсэл тодорхойгүй, сав баглаа боодолгүй, хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боохгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ