Филиппинд хар салхины улмаас 180 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-12-24 15:44:41
МАНИЛА./Би-Би-Си/. Филиппиний нутгийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн халуун орны хүчтэй хар салхины улмаас 180 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон байна.

"Тембин" гэдэг хар салхи дайрсны дараа Минданао арлын хэд хэдэн районд үер буужээ. 80 км/цагийн хурдтай ширүүн салхи Минданао арлыг дайран өнгөрөөд одоо Палаван арлын өмнөд хэсэгт хүрч, улмаар баруун зүгийг чиглэн хөдөлсөн байна.

Филиппиний Тубод, Пиагапо гэсэн хоёр хот гамшигт хамгийн ихээр өртсөн бөгөөд олон тооны байшин чулуунд дарагджээ. Тубод хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн ярьснаар, тус хотод 19 хүн амиа алдсан байна. Голын усны түвшин эрс дээшилсний улмаас айлуудын орон гэр усанд автжээ.

Филиппинд халуун орны хүчтэй салхи байнга болдог боловч энэ гамшигт Минданао арал өртөж байсан тохиолдол харьцангуй цөөн юм. Тембин хар шуургыг филиппинчүүд Винта гэж нэрлэдэг бөгөөд уг шуурганы өмнөхөн тус арлын хэд хэдэн районд онц байдал зарласан байна.

Долоо хоногийн өмнө Филиппиний төв нутгийг халуун орны "Кай-Так" хар салхи дайран өнгөрсний улмаас олон арван хүн амиа алджээ. Түүнээс гадна 2013 онд "Хайан" гэдэг хар салхи тус бүс нутгийг дайран өнгөрөхдөө 5000 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд гамшгийн хор уршгийг өнөөг хүртэл арилгаж чадаагүй байна.
Г.Доржханд 
 
 
Холбоотой мэдээ