Дарханхаан ууланд шинээр долоон аргаль нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-22 12:06:09
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын Дарханхаан суманд хэд хоногийн өмнө ирсэн долоон аргалийг Дарханхаан ууланд нутагшуулахаар авчирчээ. Ингэснээр тус уул есөн аргальтай болж байна. Сумын ЗДТГ-ын зүгээс аргальд өвс, хужир, шүү тавьж өгөн, цаашид шинээр ирсэн аргалиудыг дасан зохицуулах, нутагшуулах ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.

Дарханхаан ууланд 2009 онд нэг, 2012 онд нэг аргаль ирсэнээр хоёр аргаль хамтдаа таван жил болсон байна. Харин сүүлд шинээр ирсэн долоон аргаль нь Сүхбаатар сумын Төмөртэйн овоо, Баянцагаан ууланд арав гаруй хоног байсныг сумын ЗДТГ-ын зүгээс Дарханхаан ууланд авчирч нутагшуулжээ.

“Дарханхаан ууланд маань одоогоор есөн аргаль байна. Эдгээр нь бүгд хом буюу эм аргаль. Одоо аргаль хээл авчихсан байдаг үе. Тэгэхээр сая сүүлд ирсэн долоон аргалийн 4-5 нь хээлтэй байгаа болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь шинэ аргалиудыг тогтвортой нутагшуулах л чухал. Тиймээс манай ЗДТГ-ын зүгээс тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Эхний ээлжинд угалз авчирч нутагшуулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр аргалийн тоо толгой илүү нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.” хэмээн Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ