Хятадын Төв эдийн засгийн хурал болов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-21 22:14:58
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төв эдийн засгийн хурал энэ сарын 18-20 өдөр Бээжин хотод болов.
Тус хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Төрийн зөвлөлийн орлогч сайд Жан Гаоли, ХКН-ын УТТ-ны байнгын гишүүд болох Ли Жаньшү, Ван Ян, Ван Хунин, Жао Лөжи, Хан Жөн нар оролцлоо.
Энэхүү хурлаар ХКН-ын 18 дугаар Их хурлаас хойших эдийн засгийн хөгжлийн явц байдлыг хэлэлцэж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, ирэх оны төлөв байдлыг авч хэлэлцсэн.
18 дугаар Их хурлаас хойш эдийн засгийн бүтцэд асар том өөрчлөлт гарч, нэг шат ахин, гадагшаа чиглэсэн эдийн засгийн хөгжил нэмэгдэж, ард иргэдийн амьжиргаа сайжран, байгаль орчныг хамгаалах ажилд мэдэгдэхүйц ахиц гарсан хэмээн дүгнэв.
Эдийн засгийн хөгжлийн чанарыг дээшлүүлэхэд дараах 8-н ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
-        Хангамжийн бүтцийг шинэчлэх,
-        Бүхий л салбарын зах зээлийг хүчин чадлыг нэмэгдүүлэх,
-        Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх,
-        Бүс нутгийг хөгжүүлэх  бодлого  хэрэгжүүлэх,
-        Бүхий л талаар нээлттэй байх бүтцийг бий болгохыг дэмжих,
-        Ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулж, баталгааг дээшлүүлэх,
-        Байр орон сууцны асуудлыг сайжруулах,
-        Байгальд ээлтэй, орчин цагийн бүтээн байгуулалтыг дэмжих зэрэг ажлууд багтжээ. 
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ