Архангай аймгийн бүх сум арьс элдэх цехтэй боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-21 12:34:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор эхний ээлжинд бог малын арьс элдэх төхөөрөмжийг 11 сумын иргэнд өгсөн бол энэ удаад 8 сумын иргэдэд өглөө. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн бүх сум бог малын арьс элдэх бага оврын тоног төхөөрөмжтой боллоо.

Архангай аймаг хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжиж байгаа, улсын хэмжээний хамгийн олон малтай аймаг. Тиймээс энэ давуу талаа ашиглан жилийн жилд үнэгүйдэж байгаа бог малын арьсыг боловсруулж, зах зээлд нийлүүлэх ажлыг ийнхүү эхлүүллээд. Өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэд олон байдаг ч үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж худалдан авах боломж хомс байдаг. Харин энэхүү 8 сая төгрөгийн өртөгтэй цехийг иргэдэд төлбөрийн 50%-ийг 3 жилийн хугацаатай хүүгүй зээлээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байгаа юм. Эхний ээлжинд арьс элдэх цехийг авсан иргэд үйл ажиллагаагаа эхлүүлж, арьс нэхийгээ элдэж эхэлсэн байна. Харин тухайн үйлдвэрлэл эрхлэгчдэд дадлага туршлага дутагдаж, бага сага технологийн алдаа гарч байгаа гэнэ. Тиймээс тоног төхөөрөмж авсан үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтанд хамруулахаар болсон байна. Бог малын арьс, нэхий элдэх цехийг авч байгаа иргэд нь ихэвчлэн уламжлалт аргаар буюу гараараа арьс, нэхий элддэг байжээ. Харин цехтэй болсноор үйлдвэрлэлийн бүтээмж эрс нэмэгдэж байгааг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд