Дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны иргэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-19 20:40:24

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтийчүүдийн нэрлэж заншсанаар “Банкны байр”-ны газрыг дахин төлөвлөлтөд оруулахаар аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт заагдсан байдаг. Ингэснээр тухайн бүсэд 200 айлын орон сууц баригдахаар яригдаж эхлээд байна.

Уг ажлын хүрээнд өнөөдөр Чингис хотын захирагч тус байрны айл өрхүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.  Хуралд төлөөлөл болсон 16 иргэн оролцож, дахин төлөвлөлтийн ажлыг маш ихээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингэхдээ дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууц хэдий хугацаанд ашиглалтад орох, газраа чөлөөлбөл нэг өрхийн газрыг ямар үнээр үнэлж, хэдэн ам метр талбайтай байр олгох болон баригдах хугацааны түрээс зэргийг хэрхэн зохицуулах асуудлыг чухалчилж байлаа.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хэлэхдээ, Дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүдээ орон сууцжуулах ажлыг орон нутгийн хэмжээнд Хэрлэн сум анхдагч нь болж зориглон хийж эхэлнэ. Ингэхдээ иргэдээ зах зээлийн өртгөөс хямд үнэтэй орон сууцаар хангахыг зорьж байгаагаа дуулгалаа.

Улмаар дараагийн уулзалтаар бусад айлуудын төлөөллөөс саналыг нь сонсож, дэмжсэн тохиолдолд барилгын компани, газар эзэмшигч өрхтэй гурвалсан гэрээ байгуулж,  ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ