Макаотай ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-18 21:33:26
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдөр Монгол Улс лс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао-тай “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр” байгууллаа.  
Уг арга хэмжээ Макао-гийн Засаг захиргааны төв байранд болсон бөгөөд Монголын талаас ХонгКонг, Макао-д суух Ерөнхий консул С.Эрдэнэ, Хятадын талаас Макао-гийн Засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чөн Хайфань нар “Ялтан шилжүүлэх тухай Монгол , БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад харилцааны яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын тэргүүтэй хоёр талын албаны хүмүүс оролцов. 
Мөн энэ оны 5 дугаар сард манай улс Макао-тай "Эрүүгийн гэмт хэргийн харилцан туслалцах хэлэлцээр"-т гарын үсэг зурж байсан билээ.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэдийг эх орондоо шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа төдийгүй дээрх баримт бичгүүд нь хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн ГХЯ-наас онцлов.
Дашрамд дурдахад, манай улс БНХАУ-тай 2011 онд “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байсан ба 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэр энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Үүнээс хойш Монгол улсын  гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж байсан н.Байгальмааг шилжүүлэн авсан билээ.  
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ