Америкийн сансрын нисгэгчид саран дээр дахин хөл тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-12-13 09:36:22
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлагт үүрэг болгосон тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

2011 онд зогсоосон сансрын хайгуул судалгааны хөтөлбөрийг сэргээж, сар руу хүнтэй сансрын хөлөг дахин илгээж, сарны гадаргууг урт хугацаанд судлах тухай зарлигт Д.Трамп энэ долоо хоногийн даваа гарагт Цагаан ордонд гарын үсэг зурсан байна. Д.Трамп зарлигт гарын үсэг зурсныхаа дараа үг хэлэхдээ “1972 оноос хойш Америкийн сансрын нисгэгчид анх удаагаа саран дээр хөл тавих болно. Энэ бол маш чухал ажил. Энэ удаад америкчууд саран дээр хөл тавьж, улсынхаа төрийн далбааг мандуулаад зогсохгүй саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийснээр Ангараг руу аялах үндэс суурийг тавих болно. АНУ олон салбарт, тухайлбал сансар судлал болон цэрэг армийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байх болно” гэжээ. Гэхдээ яг хэзээ сансрын нисгэгчдийг сар руу илгээх нь тодорхойгүй байна.


Харин тэрбээр Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх тухай” төлөвлөгөөг хүчингүй болгосон байна.  Жорж Бушийн засаг захиргааны сар руу сансрын нисгэгчид илгээх тухай хөтөлбөрийг Б.Обама “Саран дээр хүн төрөлхтөн хэдийн хөл тавьсан” гэх шалтгаанаар цуцалж, оронд нь 2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх төлөвлөгөө гаргаж байсан юм.

Сар руу дахин сансрын нисгэгчид илгээх тухай Д.Трампын санаачилгыг “Конгресс дэмжих эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь сар руу сансрын нисгэгчдийг илгээж, хайгуул судалгаа хийхэд багагүй мөнгө хэрэгтэй болно.
 
 Сансар судлалын салбарт Орос болон Хятад улстай өрсөлдөж буйг нотлон харуулахын тулд Д.Трамп НАСА агентлагт ийм удирдамж өглөө гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ