Төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг ахижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-12-04 16:45:56
Дундговь/МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төрийн алба хаагчид хоёр дахь удаагаа монгол хэл, бичгийн сорилго өглөө. Сорилгын дүн эхнийхээсээ 10 гаруй хувиар ахиу байна. Харин сорилго өгсөн төрийн албан хаагчдын тоо урьдынхаас 280 гаруйгаар буурсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2010 оны зарлиг, Монгол Улсын Засгийн  газрын “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг хангах, түүнчлэн 2025 онд монгол бичгийг төрийн харилцаанд хэрэглэх болсонтой холбогдуулан “Эх хэл бичгээ дээдэлье” аяныг аймгийн Засаг даргын ивээл дор өнгөрөгч зургадугаар сард эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд монгол хэл, бичгийн сорилгыг хоёр үе шаттай зохион байгуулсан нь энэ юм.
Аяны эхэнд эхний шатны сорилгыг явуулахад 53 байгууллагын 1000 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд үүнээс А үнэлгээг 8, В үнэлгээг 25 албан хаагч авч байсан бол энэ удаад амжилт 10 гаруй хувиар өссөн гэж аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Л.Мөнхзул хэллээ. 
Байгууллагууд алба хаагчдынхаа эхний сорилгын дүнг харгалзан монгол хэл, бичгийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг дор бүрнээ зохион байгуулж, хамт олноороо монгол хэл, бичгийн багш нараас зөвлөмж, сургалт авч хэл бичгийн чадвараа ахиулахад анхаарчээ
Аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын харъяа төрийн байгууллагуудад нийт 1650 орчим алба хаагч ажилладаг. Тэдний дунд монгол хэл, бичгийн сорилгыг явуулсан бөгөөд сорилгын даалгаварыг Хэлний Бодлогын Үндэсний зөвлөл боловсруулжээ.
 
T. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ