Тайванийн электрон номын сангийн туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-01 16:41:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас зохион байгуулсан “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган”-ны хүрээнд “Номын сангийн удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарт Тайванийн Үндэсний их сургуульд номын сангийн мэдээллийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг горилсон, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Янь Жу Лиэнь зочноор уригдан оролцож, Тайванийн хөгжүүлж буй “e-Library”-ийн туршлагаас хуваалцав.  

Тэрбээр, "1960-аад оноос АНУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд номын сангийн хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Учир нь мэдээлэл бол хүч чадал бөгөөд улс орон урагшлан хөгжих үндэс суурь юм. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын номын сан компьютер, цахим сүлжээний технологийн сорилттой тулгарсан бөгөөд номын санг бүрэн автоматжуулах ажлыг өргөн далайцтай өрнүүлэн цахим сүлжээг ашиглан үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх болсон. Мөн номын санг мэдээллийн төв цөм байлгахаар хичээн ажиллах болсон. Харин XXI зуунд WEB 2.0 технологийн цаг үед шилжин орсны дараа дэлхий улс орнуудын ном сангууд Library 2.0 түвшний үйлчилгээг үзүүлж, уншигчдын оролцоо болон мэдээлэл солилцох явцыг дэмжих болсон” гэдгийг хэллээ.

Түүнчлэн тэрбээр, Монгол орон “information literacy” буюу мэдээллийг ашиглах, эзэмших чадварыг сургалтын хөтөлбөртөө тусгахыг санал болгож, залуу үеийг мэдээлэл орчин цагт ямар чухал ач холбогдолтой болохыг танин мэдүүлэх хэрэгтэйг онцлов.
Ж.Болор
Холбоотой мэдээ