Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргал шинэ номоор бэлэг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2017-12-01 15:36:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Долгорын Батжаргал уншигч багачууддаа шинэ оны босгон дээр нэгэн шинэ номоороо бэлэг барив. Түүний шинэ ном "Аяга бол халбаганы гэр" гэсэн өвөрмөц нэртэй. Номын доторхи шүлгүүд ч өвөрмөц сэтгэлгээтэй юм.
Сургуулийн бага насныханд зориулсан номынхоо эхэнд
"Энэ ном хүүхдийг инээлгэнэ
Энэ ном хүүхдэд нэгийг бодуулна
Энэ ном хүүхдэд хоёрыг сануулна" гэж товч тодорхойгоор агуулгаа тодруулсан байна.
Хүүхэд уншихад авсаархан, ойлгохын зуураа "оньсого" мэт уран санааг олох шүлгүүдээс уг ном бүтсэн нь сайшаалтай. Д.Батжаргал угийн сурган хүмүүжүүлэгч бөгөөд одоо МУИС-ийн Хэл уран зохиолын тэнхимд багшаар ажиллаж буй доктор, профессор юм. Хүүхдийн шилдэг бүтээлээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэнийг  ч дурдалтай. Шинэ оны эхээр хүүхэд багачууд маань хөөрхөн шинэ номтой болсон байна шүү.

Ж.Батсайхан
                                                              
Холбоотой мэдээ