Олон улсын харилцааны хүрээлэн олон нийтэд нээлттэй өнжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-29 16:32:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав.

Өдөрлөгт тус хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясах “Монгол Улс хийгээд хөрш орнуудын харилцаан дахь шинэ өрнөл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүний уулзалт тогтмол шинжтэй болсон. Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа боловч 1993 оны Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, 1994 оны Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг баримтлан харилцсаар ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 9 дүгээр сард Монгол Улс Төвийг сахих статус баримтлах талаар мэдэгдэл гаргасан ч одоогоор байнгын болон байнгын бус төвийг сахих статустай байх эсэхээ тогтоогүй байна. Монгол Улс Төвийг сахих статустай болсон ч өмнөх олон улсын гэрээ хэлэлцээрүүд, гуравдагч хөршийн бодлогоо хэвээр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн” хэмээн дурдав.
Тус хүрээлэн 1968 онд ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын дэргэд Ази Африкийн хэлтэс нэртэй байгуулагдаж, 1976 оноос Дорно дахины судлалын хүрээлэн, 1999 оноос Олон улс судлалын хүрээлэн, 2015 оноос Олон улсын харилцааны хүрээлэн болж өөрчлөгджээ.
“Манай хүрээлэн “Олон улс судлал” сэтгүүлийг жилд 4 дугаар, “Mongolian journal of international Affairs”, “Pax Mongolia” сэтгүүл нийт 4 эрдэм шинжилгээний сэтгүүлийг тогтмол хэвлэн нийтэлж байна. Мөн судалгааны аливаа чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт боловсролын салбарт дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах өргөн боломжтой” хэмээн тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Нямдолжин ярив.
Энэ үеэр тус хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүн, хүрээлэнгийн танилцуулга, номын үзэсгэлэнгээс гадна оюутан залууст зориулан мэргэжлийн зөвлөгөө өгч, номын хямдралтай худалдаа зохион байгуулсан юм.
Нээлттэй хаалганы өдөрт ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Ц.Энхчимэг, ХИС-ийн ОУХНСС-ийн захирал доктор, профессор Д.Уламбаяр болон МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд оролцов.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ