Н.Жавзмаа: Үлэг гүрвэлийн музейн хамт олон энэ жил орлогоо давуулан биелүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2017-11-21 10:33:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын палеонтологийн сор буюу брэнд үзмэрүүдийг дэлхий дахинд сурталчлах, олон улсын жишигт нийцсэн музейн тогтмол үйл ажиллагаатай болохыг зорьж яваа Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмааг энэ удаагийн хоймортоо урьж ярилцав.

-Та Үлэг гүрвэлийн музейн захирал болохоос өмнө Байгалийн түүхийн музейд олон жил ажилласан байх аа. Яагаад музейтэй ажил, амьдралаа холбов?

-Үлэг гүрвэлийн төв музейг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр  тогтоолоор байгуулсан. Би МУИС-ийг 1992 онд төгсөөд Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн харьяа Агнуурын музейд үйлчлэгч, тайлбарлагч, эрхлэгчээр ажилласан. 2001 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторийн эрхлэгчээр хоёр жил, Эрдэм шинжилгээ, аргазүйн сан хөмрөг хариуцсан албаны даргаар ажиллаж байгаад 2013 онд Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдсон. Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтад 20-иод хүний материал ирснээс 4-5 хүн шалгарч эхний байрт би, хоёрдугаарт ШУА-ийн Палеонтологийн музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар бид хоёр тунаж үлдсэн. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Үлэг гүрвэлийн музейн захирлаар томилогдсон. Музейтэй амьдралаа холбох болсон явдал бол МУИС-ын багш доктор, профессор Хуягын Сүхбат багш маань анх Анчдын нийгмэглэгийн төв зөвлөлийн Ан агнуурын музейд оруулж өгснөөр миний амьдрал музей гэдэг гэгээлэг соёлын байгууллагатай холбогдсон юм л даа. Түүнээс хойш нийт 26 жил Монголын байгалийн чиглэлийн музейд ажиллаж байна.

-АНУ-д Монголоос хууль бусаар очсон нь нотлогдсон үлэг гүрвэлийн ясны асуудлаас хойш манайд үлэг гүрвэлийн ховор олдворыг хууль бусаар хил давуулсан, ер нь олдворуудыг хаана яаж хадгалж хамгаалж байдаг зэрэг асуудал асуудал болж байсан. Тийм ч болохоор энэ музейг байгуулсан болов уу?

-Монголын үлэг гүрвэл мөн эсэхийг тодорхойлохын тулд олон орны палеонтологи, эртний амьтан, ургамал судалдаг эрдэмтэн судлаачид АНУ-д очсон юм билээ. Энэ Т.Батаар гэдэг махан идэшт аврага үлэг гүрвэл чинь монголоос өөр газраас олддоггүй юмуу, монголын унаган амьтан мөн юмуу гэдгийг эрдэмтэд тодорхойлоход зөвхөн монголын говиос олддог нь тодорхой болсон. АНУ-аас олддог нь хүчирхэг том, махчин идэштэн динозавр нэр нь Тиринозавр Рекс юм. Монголоос Х.Цогтбаатар, М.Болорцэцэг нарын эрдэмтэд очсон, Монгол, Америк, Канадын эрдэмтдийн баг хамтран уг олдворыг шинжлэн судалж, Монголын говиос олдсон болохыг шүүхэд нотолсноор Нью-Йорк хотын Өмнөд мужийн шүүхээр Т-Батаарыг Монголын өв хэмээн тогтоосон. Хүмүүс ийм жижигхэн орон яагаад хүчирхэг Америкаас монголын олдворуудыг аваад ирэв гэж гайхаж магадгүй. Монгол Улсын Үндсэн хуульд газрын доор болон дээрх баялаг монголын ард түмэн, төрийн өмч юм гэж заасан байдаг. Харин АНУ-д бүх газар нутгаа иргэд нь хуваагаад авсан, газрын дээр болон доорх баялаг бүгд эзэнтэй. Энэ Жоны нутаг, Женнагийн нутаг гэх мэт. Тиймээс энэ бол Монгол Улсаас олдсон нь үнэн гээд дэлхий дахины том эрдэмтэд тодорхойлоод Монгол руу буцааж авчирсан түүхтэй.
Үлэг гүрвэлийн төв музей нь соёлын өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворуудаар сан хөмрөгөө баяжуулах, гадны орнуудад байгаа олдворуудыг олж тогтоон, мэдээллийн сантай болох, соёлын өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилгоор 2013 оны 02 сарын 21-нд улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн.

-Үлэг гүрвэлийн төв музей стандарт хангасан байргүй, үлэг гүрвэлүүд "орох оронгүй" хэцүүдэж байсан. Тэгвэл байрныхаа асуудлыг хэрхэн шийдэж байв?

-Монгол Улсын засгийн газрын 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейг хуучнаар В.И.Лениний музейд байрлуулах шийдвэр гарсны дагуу 2013-2014 он хүртэл дөрвөн шатны шүүхээр явсан. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 18-нд өөрийн үндсэн байрандаа орсон. Байргүй байх хугацаандаа Дархан хотын музейн захиралтай гэрээ хэлцэл хийж Т-Батаараа зөөвөрлөн очиж хойд бүсийн үзэгчдын мэлмийг мялаасан үзэсгэлэн гаргаж тэр музейн таван жилийн үзэгч орлогыг нэмэгдүүлж өгсөн. Тэндээ өвөлжөөд тавдугаар сарын эхээр нүүж ирсэн. Одоо байгаа байр маань маш их хог новшоор дүүрсэн эвдэрч хэмхэрсэн цахилгаан, дулаан байхгүй ажил явуулахад хүндрэлтэй байсан боловч миний бие өөрийн хамт олныг удирдан зохион байгуулж, ханцуй шамлан орж том хэмжээний цэвэрлэгээг хийж, дотоод нөөц бололцоогоо ашиглан улсаас бага зэргийн хөрөнгө авч засвар хийж зөвхөн зүүн хаалгаар орж В.И.Лениний музейн кино театр байсан өрөөг ашиглан “Т.Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгээ 2014 оны долоон сард наадмын өмнө гаргаж чадсан. Анх Д.Сүхбаатарын талбайд түр үзэсгэлэнгийн танхимд урт нь 24 метр, өргөн нь 12 метр, дээшээ 8 метр өндөр танхимд үзэсгэлэнгээ үзүүлж байсан бол байрандаа нүүж ороод урт нь 28 м, өргөн нь 16 метр, өндөр нь 10 метр танхимд “Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгээ дэглэсэн.

- Т-Батаар монголд ирснээр иргэд тодорхой хэмжээнд музейг сонирхдог болсон. Т.Батаарын үзэсгэлэн нээснээс хойш энэ хугацаанд улсын төсөвт хичнээн төгрөгийн орлого оруулсан бэ?

-Хууль бусаар алдагдсан үнэт олдвор соёлын өвийг Монгол Улс хэрхэн буцаан эх орондоо авчирсныг олон нийтэд таниулах, палеонтологийн арвин их олдворууд, түүний дотор үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд тэргүүлдэг Монгол Улсаа сурталчлах зорилгоор 2013 онд “Т-Батаар гэртээ ирлээ”, “Т-Батаар Дарханд”, “Т-Батаар ба сор үзмэрүүд”, “Үлэг гүрвэлийн мөрөөр”, “Цэрдийн галавын гайхамшиг”, “Цэрдийн галавын усны амьтад” зэрэг том том үзэсгэлэн дэглэсэн. Олон улсын шүүхийн тусламжтай буцаан авчирсан 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн олдвороор Д.Сүхбаатарын төв талбайд тусгай байгууламж дотор “Т-Батаар гэртээ ирлээ” үзэсгэлэнг иргэд олон нийтэд танилцуулсан нь манай музейн анхны томоохон ажил болсон доо. 2013 оны 6-12 сар хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нэг сая гаруй үзэгчид үйлчилж, улсын төсөвт 200 гаруй сая төгрөг төвлөрүүлсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 2014 оны 10 дугаар сарын 23-наас хууль бусаар ажлаас чөлөөлж, 2016 оны 5 дугаар сарын 09-ныг хүртэл Дариймаа гэдэг хүнийг ажиллуулсан. Гурван шатны шүүхээс шийдвэр гарсны дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр эгүүлэн ажилд маань томилсон юм. Намайг ажлаас халагдсан нэг жил 7 сарын хугацаанд маш бага орлого төвлөрүүлсэн юм билээ. Би ажилдаа шүүхийн шийдвэрээр ороод өөрийн 2013 оны хоёрдугаар сарын 19-нд боловсруулж дууссан зохиогчын эрх бүхий "Үлэг гүрвэлийн төв музейн концепци" –ийг удирдлага болгож музейгээ төвхнүүлж эхэлсэн юм. Музей цаашид хэрхэн ажиллах талаар музейн зориулалтын барилгад нь тохируулан үзмэр  яаж дэглэх, хичнээн танхимтай байх, танхимд Архейн эринээс Кайнозойн эрин хүртэл хичнээн үзмэр дэглэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх, боловсролын ажлыг хэрхэн явуулах зэргийг тусгасан. Мөн “Т.Батаарын музей 1” номоо хэвлүүлэн гаргалаа. Намайг ажиллаагүй байх үед “Үлэг гүрвэлийн төв музейн концепци”-ийн дагуу ямар ч ажил хийгдээгүй байсан. Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах сангаас манай музейд “Үлэг гүрвэлийн төв музейн концецийн дагуу гол танхимаа ашиглалтанд оруулах 47 сая төгрөг олгосон юм. Үүгээр 2016 оны 7 дугаар сард "Цэрдийн галавын гайхамшиг" гол танхимаа ашиглалтад орууллаа. Мөн АНУ-аас 2014 оны 10 сарын 22-нд ирсэн үзмэрүүдийг сэргээн засварлан тавьсан. 2017 оны наймдугаар сард “Дунд төрмөлийн эрин” танхимыг ашиглалтад орууллаа. 2017 оны 11 дүгээр сар хүртэл 30 гаруй мянган хүнд үйлчилсэн. Зөвхөн энэ жил гэхэд улсын төсөвт 70 сая төгрөг, 2013 оноос хойш нийт 200 гаруй сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
 

-Үлэг гүрвэлийн музейд хүүхэд багачуудын хөл тасрахгүй байгаа нь харагдаж байна. Музей нийт хичнээн үзмэртэй вэ. Өдөрт хичнээн хүнд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна?

-Музейн сан хөмрөг 1000 гаруй үзмэр, цуглуулгатай. Музейн үндсэн үзмэр болох “Цэрдийн галавын гайхамшиг” үзмэр 2016 оны зургадугаар сараас олон нийтэд үзүүлж байна. Энэ үзэсгэлэнгээр палеонтологийн шинжлэх ухааны үнэт олдвор болох цэрдийн галавын үед амьдарч байсан 40 гаруй олдворыг дэлгэн үзүүлж байна. Манай музей жилийн турш бүх өдөр хуваарийн дагуу амралтгүй ажиллаж, өдөрт их ачаалалтай үедээ 200-300 хүнд үйлчилдэг. Үзэгчдийн ихэнх нь хүүхдүүд. Гадаадын болон том хүнд 3000, хүүхдэд 500 төгрөгийн үнээр музейгээ үзүүлдэг. Өмнө нь бид 1000, 500 төгрөгийн тасалбартай байсан, энэ байрандаа ороод үнээ нэмэхээс өөр аргагүй болсон.



-“Хүннү молл”-д “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн олны хүртээл болж буй. Олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэж болдоггүй юм болов уу?

-Палеонтологийн шинжлэх ухаан нь эртний ургамал, амьтныг судалдаг. Хүмүүс шинжлэх ухааны байгууллага, соёлын байгууллагыг хооронд нь хутгаж ойлгоод байдаг. Манай музей бол шинжлэх ухааны байгууллагаас ирсэн, судалгааны эргэлтэд орсон, шинжлэх ухааны үндэслэлтэй үзмэрүүдийг үзэгчдэд зөв ойлгуулж, таниулах үүрэгтэй. Шинжлэх ухааны байгууллага бол өөрсдөө хайгуул судалгааны ажил хийж, олдворуудаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлон олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн үзмэрүүдийг нь музей соёлын байгууллага дэглэн олон нийтэд хүргэдэг.
Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн үзмэрүүд болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн дэргэдэх музейг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэх тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл биелээгүй. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн олдворууд ямар хууль дүрмийн дагуу “Хүннү молл”-д очсоныг мэдэхгүй. Ямар ч байсан манай музейд их хэмжээний талбай бий. Бид бага цөөхөн үзмэрүүд дэлгээд улсын төсөвт ийм их хэмжээний мөнгө төвлөрүүлж чадаж байгаа юм чинь “Хүннү молл”-д байгаа үзмэрүүдийг авчрах юм бол эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг нь үзэгчдэд үзүүлж, түгээн дэлгэрүүлэх боломжтой. Түүнээс биш бид өрсөлдөгч байгууллага биш. Манай музейд мэргэжлийн судлаачид эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагчид ажилладаг. Үзэгчиддээ үзмэрээ шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тайлбарлаж өгөх нь чухал гэдэг дээр анхаарч ажилладаг даа.



-Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд чингэлэгт хураалттай олдворууд олон байдаг хаана тавьж үзүүлэх, олигтой хадгалах газар олддоггүй гэж ярьдаг. Түүнийг сэргээн засварлаж олны хүртээл болгож болдоггүй юмуу?

-Олдворуудын зарим нь “Хүннү молл”-д очсон нь бий, чингэлэгт ч бий. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн хувийн өмч биш, улсын өмч. Түүнийг авчраад хүнд ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, танин мэдэхүйн хувьд хэрхэн үзүүлэхийг музейнхэн мэдэх ёстой. Харин хэрхэн судалсан, үнэ цэнэтэй эсэхийг нь судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд тодорхойлдог. Энэ амьтныг Тарбозавр батаар гэдэг юмуу, эсвэл Бактрозавр, Анкилозавр Овираптор юмуу гэх мэт хүний хэл хугарахаар үг хэллэгтэй тухайн амьтны амьдарч байсан орчин, жин, идэш тэжээл, онцлогийг нь тайлбарлаж үзэгчдэд үзүүлэх нь чухал. Тиймээс улсын үнэ цэнэтэй, соёлын өвийг бид хадгалан хамгаалж, дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн монгол орныг зорин ирж үлэг гүрвэлүүдийн олдворыг үздэг байх томоохон музей болох, Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэмэх, үзмэр үзүүллэгийн дэглэлтийг бүх насны үзэгчдэд хүртээлтэй, сонирхолтой, танин мэдэхүйд нь үлдэцтэй, үр дүнтэй байдлаар, орчин үеийн техник, технологийг ашиглан дэглэж музейн үзмэрүүдийг амьд харагдуулахыг зорин ажиллаж байна.

-Үлэг гүрвэлийн олдвор дэлхийд хичнээн улсаас олддог юм бэ?

-Үлэг гүрвэлийн олдвор дэлхийд Монгол, АНУ, БНХАУ-аас л олддог. Үүнээс Монгол орон үлэг гүрвэлийн асар их баялагтай. АНУ-ын Монтана мужаас олдож байгаа олдворыг эрдэмтэн судлаачдаас нь асуухад хаднаас цүүцдэж авдаг гэдэг. Харин манайд уран зураач бийрээр элсийг хоёр тийш нь болгоход яг тэр анатоми нь яг тэр чигээрээ гарч ирдэг. Тэгэхээр Монголын олдворууд бүтэн, эвдрэл багатай, дэлхийн хэмжээнд олддог олдворуудаас жинхэнэ “ориг” байдаг нь тодорхой харагдаж байгаа учир судлаачид Монголыг зорьж байна. Би музейн үзмэр дэглэлттэй танилцах, туршлага судлах зорилгоор АНУ-ын Нью-Йорк хотын музейд очиж үзэхэд бүтэн хоёр давхар музей тэр чигээрээ монголын үлэг гүрвэлийн үзмэрүүд байсан. Протоцепатопс гэдэг үлэг гүрвэл Монголд хонь шиг бэлчдэг байсан гэж эрдэмтэн судлаачид ярьдаг.  Түүний зулзаганаас эхлээд нас бие гүйцсэн үлэг гүрвэлийн гавлынх нь яс хүртэл тэр музейд бий. Төв Азийн амьтан, ургамал судалдаг Рой Чэпман Эндрюс тэргүүтэй судлаачид 1921-1930 онд АНУ-аас ирж, хэдэн тонноор нь тэмээн жингээр Хятадаар дамжуулан авч гарсан юм билээ.
Нэг баримт сонирхуулахад, бид Үлэг гүрвэлийн төв музей байгуулах гэж байхдаа эрдэмтэдтэй хамтран төв Архиваас мэдээлэл цуглуулсан. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээнд “Эдгээрийг Монгол Улсаас судалгаанд авч явж болно. Харин ямар ч тохиолдолд буцаан авчрах хэрэгтэй. Таван метрээс доош манай газар шороог хөндөж болохгүй” гэж монгол бичгээр бичсэн байсан. Тиймээс дээр үеийн монголчууд хэр зэрэг эх оронч сэтгэлгээтэй байсан нь харагдаж байна. Р.Ч.Эндрюсийн 10 ширхэг боть номд хичнээн ширхэг тоогоор ямар олдвор авч явсан нь судалгаатайгаа бий. АНУ манай монголын үлэг гүрвэлийн яс, эртний ургамал, амьтдын үзмэрээр амьсгалж, түүгээр мөнгө хүүлж байгаа юм шиг санагдсан. Үүнд би харамсаж л байдаг. 

-Үлэг гүрвэлийн олдворуудын насжилтыг уртасгахын тулд ямар арга хэмжээ авч, хадгалдаг юм бол?

-Хадгалалт хамгаалалт стандартын дагуу явж байна. Уран зургийн галерей, Богд хааны музей зэрэг угсаатны музей чийгшил шаарддаг. Харин манай Үлэг гүрвэлийн музей бол градус бага байх стандарттай байдаг. Яагаад гэвэл манай музейн олдворууд газрын хөрсөнд вакумжсан орчинд байсан. Тиймээс газрын хөрснөөс гарч ирсэн олдворууд ус чийг үзвэл шороо болох магадлал өндөртэй. Хэвийн тасалгааны температурт хадгалж болно. Гэхдээ бэхжүүлэгчийг байнга хэрэглэнэ. Батаар манайд ирээд 4-5 жил болж байна. Бэхжүүлэгч бодисыг сэргээн засварлагч мэргэжлийн ажилтанууд хийдэг. Хүмүүс харахад гадна талдаа яс мэт боловч дотор талдаа пласстмас орчныг бүрдүүлж хадгалдаг. Дэлхийн жишиг нь ч тийм юм билээ.

-Манай орон аялал жуулчлалыг хөгжүүлнэ л гэж яриад байдаг, жуулчдыг татах нэг зүйл нь Үлэг гүрвэлийн Төв музей яагаад байж болохгүй гэж . Та бүхэнд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Мэдээж асар том үүрэг гүйцэтгэнэ. Миний хувьд зөвхөн монголд эртний үлэг гүрвэл, амьтан, ургамлыг үзүүлье гэсэн бодолтой явдаг. Түүнээс гадаадын улс орноор үзэсгэлэн явуулах хэрэггүй. Манай музейн барилга доошоо нэг, дээшээ гурав, нийт 4 давхар асар том байгууламжтай. Энэ байгууламжид улсын төсвөөс зориулаад мөнгийг нь олгож, “Үлэг гүрвэлийн төв музейн концепци”-ийн дагуу байгуулвал манай улс жуулчдыг татах, улсын төсөвт олон их наяд төгрөг оруулах боломж бүрэн бий. Бидэнд санхүүжилт хүндрэлтэй байдаг. Энэ жил 53 сая төгрөгийн төлөвлөгөөтэй. Үүнийг манай музейн хамт олон үндсэн орлогоо давуулан биелүүлж 70 сая төгрөг, түрээслэгч байгууллагуудаас 20 сая төгрөг гээд  улсын төсөвт нийт 90 сая төгрөг төвлөрүүлсэн. Үүний давсан орлогоор танхимуудаа ашиглалтад оруулах, үзмэр дэглэх, баяжуулах, шинэчлэхэд нь зориулан буцаан олговол их л тустай байгаа юм. Гэтэл ийм зүйл одоохондоо алга л байна. Музейд үнэнч, сэтгэлтэй, шуналгүй хүн ажиллах ёстой. Би ч гадаад, дотоодын хоёр дээд сургууль төгссөн залуу хүний дэврүүн сэтгэлээр сургууль төгсөөд гэртээ очиход тухайн үед аав маань, “Сурсан эрдмээс төрсөн араншин” гэдэг юм шүү гэж гүн ухааны агуу сургаал хайрлаж байсан нь чи хичнээн олон сургууль төгссөн ч суурь төрмөл хүмүүжил хамгийн чухал гэж хэлж сургаж байж дээ гэж одоо боддог доо. Аавын минь хэлсэн энэ хоёрхон мөр үг миний амьдралын философи юм. Манай музейнүүд удирдлагуудаа чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байх үед нь анхаарч үзмэрүүдээ баримтжуулж, бүртгэлжүүлээд тооллого явуулах хэрэгтэй. Би музейн захирал болсныхоо дараа бүртгэн баримтжуулахад ач холбогдол өгч хэл ус сайтай, шуналгүй, эцэг эх нь музейд ажиллаж байсан хүний хүүхдээс сонгосон. Намайг явсны дараа ямар ч бүртгэлгүй болсон байсан. Манайхан музей гэж юм хадгалдаг газар гээд ойлгочихсон нь элбэг. Түүнийг юуг нь ард түмнээс харамлаж хав дарж, хадгалах вэ, байгаа үзмэрийг бүгдийг нь олны хүртээл болгох л хэрэгтэй. Гэхдээ энэ нь санхүүтэй холбоотой. Санхүүжилтийн асуудлыг шийдвэл хүндрэл бага. Музей, соёлын байгууллагуудын ажилтнуудын цалин бага. Гэсэн хэдий ч ажилтнууд сэтгэл зүрхээрээ ажилладаг

-Манайд музейн ажилтан дутмаг байдаг. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэж байна вэ?

-Музейн удирдлагын зүгээс Үлэг гүрвэлийн төв музейд өндөр боловсролтой боловсон хүчнийг цуглуулсан шүү. Сонгон шалгаруулалтаар тэнцсэн хуулийн мэдлэг сайтай, сахилга баттай залуус ажилладаг. Манай музейд ажиллаж байгаа улсын 95 хувь нь залуу. Нийт 28 хүний орон тоотой, захиргаа, үйлчилгээ, аж ахуйн алба, Эрдэм шинжилгээ, арга зүй, бүртгэл мэдээлэл, сан хөмрөгийн алба, сэргээн засварлах лаборатори гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Музейн ажилтнуудынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна?

-Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байран дээр нь сургах, давтан сургах, тэдний ажиллах, нийгмийн баталгааг хангах зорилгоор энэ оны 1 дүгээр сараас эхлэн Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжилтийг 2 дугаар сараас зохион байгуулан ажиллаж байна. Мөн музейн ажлын хажуугаар “Бяцхан палеонтологич” боловсролын хөтөлбөр явуулж байна. “Дунд төрмөлийн эрин” танхим нээхдээ хүүхдүүдэд зориулсан “Дино бэйби” эрдэм шинжилгээний бага хурал хоёр болон дөрөвдүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулж нийслэлийн 20 гаруй сургуулийн хүүхдүүдийг хамруулсан. Энэхүү хэлэлцүүлэг оролцсон хүүхдүүдийн илтгэлээр ном хэвлэн гаргасан. Манай судлаачид МУИС, МУБИС, Улаанбаатар дээд сургуультай хамтран “Монгол орны үлэг гүрвэлийн судлалын өнөөгийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 11 сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний үр дүнд илтгэлээр бүтээл гарган, бүх номын сангуудаар тараахаар төлөвлөөд байна. Мөн 2018 оны эхээр “Батаар-2” номоо гаргах гэж байна. 2016 онд нийт 25 удаагийн соёл, танин мэдэхүйн ажил зохион байгуулж, 3000 гаруй хүүхэд болон музей үзэгчдийг хамруулсан.

-Иргэдэд музейн үзмэрийн гоё сайхныг мэдрүүлж, өөрсдийн өв соёлоо үзэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Гадагш гарсан олдворуудыг буцаагаад авчирна гэдэг тухайн үед үнэхээр том үйл явдал болсон. Хэзээ ч бид өөрсдийнхөө гадагш гаргасан соёлын өвөө эх нутагтаа буцаан авчирч байгаагүй. Жуулчдыг татахын тулд санхүүжилт хэрэгтэй. Ядаж давсан орлогыг бидэнд өгөх хэрэгтэй байна. Давсан орлогоо авъя гэхэд нэгэнт төрийн санд төвлөрсөн гэдэг. Би энэ олдворуудыг энд ажиллаж байгаа үедээ хаашаа ч гаргахгүй гэж бодож байгаа Харин өөрийн музейдээ төвлөрүүлж цуглуулах бодлого баримтална.

-Монголд аялал жуулчлалын салбар хөгжихөд музейчдын оролцоо чухал. Тиймээс Үлэг гүрвэлийн музейгээс цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Музей нь эх орныхоо үнэт соёлын өвийг хадгалж, дэлгэн үзүүлдгийн хувьд улсынхаа аялал жуулчлалын салбарт нөлөөтэй байр суурь эзэлдэг. Монголд ирэх гадаадын жуулчдыг харахад говь нутагт очих сонирхол ихтэй байдаг нь анзаарагддаг. Тиймээс жуулчдын хүсэл сонирхол, өөрийн улсын боломж бололцоонд түшиглэн Улаанбаатар хотод Үлэг гүрвэлийн төв музейгээс эхлэн говь нутаг руу чиглэсэн палеонтологийн аяллын сонирхолтой маршрутын нөхцөл боломжийг бий болгохыг манай хамт олон зорьж байна. Үүний тулд говь нутагт палеонтологи, үлэг гүрвэлийн гадна ил байгалийн музейг тусгай зөвшөөрлийн дагуу дэлхийд ховор, өвөрмөц нүүдэлчин соёл иргэншлээ хадгалсан томоохон цогцолбор бааз байгуулж гадаадын жуулчдыг тав тухтай амрах, сонирхолтой аяллын маршрутаар аялах нөхцөл бололцоог нь хангах хэрэгтэй
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ