Зимбабвегийн ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгч хүмүүсийг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-17 18:26:52
МОСКВА. /ТАСС/. Хараре хотыг хяналтандаа аваад буй Зимбабвегийн цэргийнхэн тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе-г тойрон хүрээлэгч хэд хэдэн хүнийг баривчлан саатуулаад байгаа тухай тус улсын засгийн газрын “The Herald” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Бид тусгай ажиллагаа амжилттай явуулж ихээхэн үр дүнд хүрсэн тухай мэдээлэхийг хүссэн юм. Бид хэд хэдэн гэмт хэрэгтнийг саатуулаад байгаа хэдий ч зарим нь оргон зайлсан. Ажиллагаа явагдах хугацаанд тайван амгалан байхыг ард иргэддээ уриалж байна” гэж цэргийнхэн мэдэгдсэнийг “The Herald” сонинд тэмдэглэсэн байна. 
 
Зимбабвегийн цэргийнхэн Хараре хот дахь төв телевизийн байрыг хяналтандаа авч, засгийн газар, парламент, шүүхийн байр руу очих замуудыг хаагаад байгаа ажээ. Өмнөд Африкийн “News 24” агентлагийн мэдээлснээр, Зимбабвегийн Ерөнхийлөгч Р.Мугабе болон түүний гэр бүлийнхэн гэрийн хорионд байгаа юм. "Болж буй үйл явдал нь ямар нэгэн цэргийн эргэлт биш, харин тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе-г тойрон хүрээлэгч, улс орныг нийгэм-эдийн засгийн хямралд оруулж байгаа гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллагаа юм" гэж цэргийнхэн мэдэгдэж байгаа билээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ