Б.Солонго: Энэ тоглолт бол театрынхаа 55 жилийн ойд барьж буй миний бэлэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2017-11-15 17:21:38

МУГЖ, УДБЭТ-ын концертмейстр, төгөлдөр хуурч Б.Солонготой ярилцлаа. Тэрээр маргааш УДБЭТ-т өөрийн “Konzertmeister” хэмээх бие даасан тоглолтоо хийх гэж байна. Өдөр бүхэн өөрийн хөгөөр эгшиглэж, хүмүүс тэрхүү аялгуугаар бие сэтгэлээ дүүргэн амьдралыг туулж явах шиг санагддаг. Тийм л өдрүүдийн нэгэн гайхалтай үдшийг Б.Солонгийн төгөлдөр хуурын аялгуу үзэгч танд бэлэглэнэ гэдэгт эргэлзэхгүй зүйл огт үгүй.

-Таныг Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг төгсч ирээд л Дуурийн театрт ажиллаж болсон уу?

-Тийм ээ. Хөгжмийн соёл дэлгэрсэн Орос улсад суралцах нь миний олон гоё мөрөөдлүүдийн нэг байсан юм. Тухайн үед яг л одоогийнх шиг хүн бүр гадаадад сурах сонирхолтой байж билээ. Намайг хичээлдээ сайн байсан болохоор гадаадын хуваарь өгөхөөр шийдсэн. Гэлээ ч би Свердловскийн хөгжмийн дээд сургуульд өөрөө шалгалт өгч тэнцсэн. Тэгээд л сургуулиа төгсч ирээд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хуваарилагдсан.  Одоог хүртэл эндээ концертмейстр, багшаар ажиллаж байна.

-Таны аав МУУГЗ Д.Баттөмөрийг “Намуун үдэш”, “Бодлын цагаан хун”, “Туулын урсгал шөнө дөө сайхан”, “Миний нутгийн бараа” зэрэг олон сайхан дуунуудаар нь уншигчид андахгүй. Магадгүй хөгжимчин болоход аавын тань нөлөө их байсан болов уу?

-Аав минь намайг л хөгжимчин болгоно гэж ярьдаг байсан, түүнийгээ ч биелүүлсэн. Дүү нарыг урлагийн хүн болгоогүй. Би учрыг сайн мэддэггүй юм. Ямартаа ч бага байхаас минь л “Ууган охиноо хөгжимчин болгоно” гэж ярьдаг байсан болохоор надад ч бас “би хөгжимчин болох ёстой” юм байна гэсэн мэссэж багаас өгөгдчихсөн байсан. Тэгээд Хөгжим Бүжгийн коллежид элссэн дээ.

-Одоо харин та охиндоо мэргэжлээ өвлүүллээ шүү дээ?

-Миний охин Хөгжим Бүжгийн коллежид сурч байгаад нэгдүгээр дамжаанаасаа Италийн дэлхийн коллежид сурахаар явсан. Би хувьдаа их баяртай байдаг. Амьдрал бол хэзээ нэгтээ “цэг” тавих ёстой жам ёсны зүйл. Гэтэл үүнд үргэлжлэл гэж бас байдаг. Охин минь миний мэдрэмжийг тээж, урлагт хайртай болж өссөнд талархдаг. “Италийн коллежи”-оос гадна АНУ-ын Бостоны хөгжмийн дээд сургуульд мөн суралцсан. Охин минь багаасаа л дуулах, бүжиглэх дуртай, хөгжмийн сонсголтой байсан болохоор гэрийнхэн нь урлагийн хүн болгохоор шийдэж, өвөө нь их дэмжсэн.

-Удахгүй Дуурийн театрт “Konzertmeister” тоглолтоо хийж байгаа гэж дуулсан, энэ талаар яриач?

-Энэ сарын 16-ны 19 цагт театртаа уран бүтээлийн тоглолтоо хийхээр болсон. Шавь нар маань оролцож, ая дуугаа өргөхийн сацуу, өөрийн бүтээлүүдийг эгшиглүүлэх болно. Төгөлдөр хуурын аялгуунд хайртай хүн бүхэн ирж үзээсэй гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр театрынхаа 55 жилийн ойд барьж буй миний бэлэг энэ тоглолт юм. Тоглолтой болоогүй байхад нэг их зүйлийг яриад хэрэггүй гэж боддог. Харин дараа тоглолтынхоо тухай ярьж, үзэгчдэд төрсөн сэтгэгдлийг нь хуваалцах сайхан шүү дээ.



-Дуурийн концертмейстр байна хэцүү, дээр нь та Хөгжим Бүжгийн коллежид багшилдаг шүү дээ. Тоглолтоо хийхийн тулд ажлын завсарлага авсан уу?


-Ерөнхийдөө зарим үед их завгүй ажилладаг. Гэхдээ би ажиллах бүртээ суралцаж, өөрийгөө өрөөлийн хүмүүсийн хамт бэлтгэж байдаг. Миний ажил бол бэлтгэл сургуулилт хийж байгаагаас өөрцгүй. Тиймээс өдөр болгон л би тоглолттой байгаагаас өөрцгүй. Гэхдээ манай үзэгчдийн түвшин өндөр байдаг. Мэдээж тэдэнд зориулж тоглолт явуулж буй учраас маш сайн бэлдэх шаардлагатай тулгарсан. Түүнийгээ амжилттай гүйцэтгэсэн, сайхан үдшийг үзэгчдэд бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Таныг тоглолтын хөтөлбөртөө “монгол бүтээл” яагаад оруулаагүй юм бол гэж гайхах сонсогчид байсан. Үүнд харилт өгөхгүй юу?

- Би энэ “Konzertmeister” тоглолтоороо мэргэжлийн хөгжимчин, мэргэжлийн дуучид мэргэжлийн уран бүтээлд хэрхэн ханддагийг харуулах гэж зорьсон. Манайхан өөрсдийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг хангалттай мэднэ.  Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийн Лодонгийн ариг гоцлол дуучин Э.Амартүвшин дуулах юм.

-Дуучин Э.Амартүвшин таны шилдэг шавь нарын нэг биз дээ?

-Тийм ээ. Хайртай олон шавь нарын минь нэг. Ямар ч тоглолтод оролцсон тайван байж чаддаг. Багшаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Дэлхийн олон тэмцээн уралдаанд оролцож, эх орон, ээж аавынхаа нэрийг өндөрт өргөж байна. Шавь нарын маань энэ л амжилт, ололт надад том бэлэг болдог. Миний авдаг “кайф”, таатай мэдрэмж төрүүлдэг зүйл энэ л дээ.

-Шинэ бүтээлүүд бас тоглогдоно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Үзэгч, сонсогчид ямагт шинэ зүйлийг эрж хайж дуурийн театрыг зүглэдэг гэж боддог. Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ж.Вердийн “Набуко” дуурийн ари дуулна. Амраа Италид энэ жүжигт тоглохоор бэлтгэж байгаа юм. Тенор Б.Батжаргал Г.Доницеттийн “Хороон даргын охин” дуурийн Тониогийн ари дуулах гэх мэтчилэн шинэ бүтээл бий. Мэдээж Монголд долоо хоног бүр л тоглолтууд болж байгаа ч дан сонгодог дуунуудаас бүрдсэн тоглолт тэр бүр хийгдээд байдаггүйг уншигчид мэдэх байх. Дээр нь онцгойлох нэг зүйл гэвэл хөгжмийн сургуулийн багш нараа урьж энэ тоглолтыг үзүүлнэ.  Тэдний маань заах арга барилд ямар нэг хэмжээгээр тус дэм болно гэдэгт найдаж байгаа.
 
Б.Алтанхуяг
Холбоотой мэдээ