Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлын талаар ажлын чиглэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-14 18:10:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу өнөөдөр тус Байнгын хороо хүүхдийн хамгаалал болон аюулгүй байдалтай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан тайлбар, мэдээлэл авах үйл ажиллагааг зохион байгуулав.  
Энэ үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, А.Сүхбат нар оролцлоо. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ирсэн байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргадаг жишгээр намрын чуулганы анхны мэдээлэл сонсох цагаараа хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтай холбоотой сэдвээр албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авч байна. 
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1224 хүүхэд өртсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэж байна. Үүнээс долоо хүртэлх насны 177 хүүхэд халдлагад өртсөн нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо юм. Тоо баримтын зах зухаас дурьдахад ийм байна. Энэ бүх тоо баримт хүүхдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна" гэлээ.
Тэрбээр мөн 2018 оны төсөвт хүүхэд хамгаалах үйлчилгээний зардалд санхүүжилт нэмж тусгасныг онцлоод хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд Монгол Улс ахиц гаргалаа гэх хүртлээ удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтарч ажиллана гэв.
Өнөөдрийн уулзалтаар Хүүхэд хамгаалах үйлчилгээний зардалд төсөв мөнгө нэмэгдсэн болон бусад асуудалтай холбогдуулаад бүх салбарын төлөөллийг байлцуулж мэдээлэл сонссон, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө гаргах чиглэл өгсөн юм. Энэ оны 12 дугаар сард багтаад илүү өргөн бүрэлдэхүүнээр дахин уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулх юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ