50 жилийн өмнөх энэ өдөр Монгол тамирчин ДАШТ-ээс анх удаа медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-14 14:19:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1967 оны энэ өдөр буюу 50 жилийн тэртээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
/ДАШТ/-ээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдах далай даян дархан аварга, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат монгол тамирчдаас анхны медалийг хүртсэн түүхтэй.

Тэрбээр, 1967 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж, монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн анхдагч билээ. Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыны Бола Францис мөнгөн медаль хүртэж байв.

Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тавд, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрт шалгарч, Монгол Улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байр эзэлсэн түүхтэй.



Мехикогийн олимпийн мөнгөн медальт, алдарт бөх Ж.Мөнхбат аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийтдээ 57 медаль хүртээд байна. 
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ