УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-14 11:31:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 92,3 хувийн саналаар баталлаа.

УИХ-аас 2018 оны төсвийг энэ сарын 15 гэхэд хэлэлцэн баталсан байх ёстой. Иймээс өнөөдөр буюу байнгын хороо хуралддаг товт өдөр чуулганы хуралдааныг зарлан хуралдуулав.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд ирэх төсвийн тухай хуулийн заалт бүрийг уншиж танилцуулсан юм. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувь байх юм.

Өөрөөр хэлбэл, төсвийн орлого талдаа учирч болзошгүй эрсдлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, орлогын бааз суурийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан байна. Харин зарлага талд:

-Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. 

-Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  
 
-Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  

-Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

-Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. 

-Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  

-Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлэхээр хуулинд тусгажээ. Төсөв баталсантай холбогдуулж Сангийн яамнаас Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм. 
Б.Туул
Холбоотой мэдээ