Үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-09 16:20:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Монголын хөрөнгийн бирж” ХК-иас 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, газар дээрх үзлэг шалгалтаас зайлсхийсэн, шаардлага хангахгүй хэд, хэдэн компанийг  гишүүнчлэлээс хасах саналыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Дээрх саналыг үндэслэн  Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж шийдвэр гаргажээ. Тодруулбал  түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй “Догсон ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх /брокер, дилер/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө 2015 оны нэгдүгээр сард авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй “Ховд бирж ХААБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн хуралдаанаар зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооны эрхийг түдгэлзүүлсэн  бол шинээр байгуулагдаж буй 2.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн босго шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. 
Б.Заяа
Холбоотой мэдээ