Улсын мэргэн төрвөл хоёр өрөө байраар мялаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-09 15:00:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч сум бүр эрийн гурван наадмаа хийдэг болох зорилгоор сумдад сурын талбай байгуулах, харваачдыг бэлтгэх ажлууд хийж эхэллээ.
Үүний зэрэгцээ өөрийн аймгийн харьяат харваачдыг “Засагт хан” үндэсний сурын клубтээ нэгтгэх бодлого барьж байгаа ажээ. Харваачдаа жил бүр нэгдсэн бэлтгэлд гаргаж, амжилт гаргах боломжийг хангахын дээр улсын мэргэн төрсөн тохиолдолд хоёр өрөө байраар мялаахаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Засагт хан” үндэсний сурын клубээс шийджээ.
Уг клубээс сургалт явуулах байрыг бэлтгэж, багш дасгалжуулагч ажиллуулан байнгын бэлтгэл сургуулилт хийлгэх юм байна. Тус аймгаас одоогоос 41 жилийн өмнө буюу 1976 онд Баян-Уул сумын харьяат улсын дархан мэргэн Ж.Магнай тав дахь удаагаа түрүүлж байснаас хойш улсын мэргэн төрөөгүй ажээ.
                                                                                                                           Ш.Цоодол
Холбоотой мэдээ