Монгол Бахархлын өдрөөр “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-09 14:11:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Бахархлын өдрийг тохиолдуулан “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг энэ сарын 17-18-нд Улсын Филармонийн уран бүтээлчид тайзнаа эгшиглүүлнэ.

Хоёр хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол хоёрдугаар хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим эгшиглэх юм. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцоно. Тоглолт өвөрмөц дуугаралт, гайхамшигтай сонгодог орчинд мэргэжлийн уран бүтээлчид сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг мэдрүүлж, мартагдашгүй дурсамж үлдээх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Дашрамд дурдахад, Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь өнгөрсөн сарын 11-нд Монголд албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд АНУ-ын кино академийн Оскарын шагналын “Шилдэг гадаад хэлээрх кино”-ны төрөлд өрсөлдөж буй. Киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичжээ.

Ж.Болор
Холбоотой мэдээ