Багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгох болсныг мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-09 13:26:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгох болсныг мэдэгдлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ, “Өнгөрсөн наймдугаар сарын 10-нд багш нар цалингаа нэмүүлэхээр түр хороо байгуулж, гурван сар мятрашгүй тэмцлээ. Засгийн газрын зүгээс ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул 2017 онд цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс үндсэн цалин нэмэх боломжгүй бол урамшуулал болгож багшийн бодит орлогыг нэмүүлэх шаардлагаа хүргүүлсэн. Үүний дагуу БСШУСЯ-наас энэ оны 11, 12 дугаар сард боловсролын салбарт ажиллаж буй цэцэрлэг сургуулийн нийт багш ажилчдад 516 төгрөгийн бодит урамшуулал олгох болсноо мэдэгдсэн. Мэдэгдлийг маргааш албан ёсоор багш нартаа хүргүүлнэ. Бид цаашид дахин хэлэлцээрт сууж, багш нарынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэхээр ажиллана” гэв.

"Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Үндсэн хуулийн 19.1-т зааснаар төр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах үүрэгтэй гэж заасны дагуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжоор хангаж чадлаа” гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр онцоллоо.
 
МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт зарласан бөгөөд багш нар урамшуулал авахаар болсон тул уг ажил хаялтад оролцохгүй байхаар болжээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ