Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэлийн бүх бага сургууль хаагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-11-08 20:49:54
ШИНЭ-ДЕЛИ. /Си-Эн-Эн/. Агаарын чанар эрс муудсантай холбоотойгоор Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотын бүх бага сургууль үйл ажиллагаагаа зогсоосон тухай “Си-Эн-Эн” телевиз мэдээллээ.

Энэтхэгийн Цаг уурын газрын мэдэгдсэнээр, Шинэ-Дели хотод агаар бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агаар дахь агууламж энэ долоо хоногийн эхэн үеэс хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц хэмжээнд хүрч нэмэгдсэн байна.

Тус улсын нийслэл хотыг өтгөн утаан манан бүрхэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсны улмаас зам тээврийн хэд хэдэн осол гарчээ.

Аль болох гадагшаа гарахгүй байхыг, гадагшаа гарахдаа амны хаалт зүүхийг тус улсын холбогдох албаны хүмүүс иргэддээ зөвлөж байна. Энэ долоо хоногийн эцэс хүртэл Шинэ-Дели хот дахь бүх бага сургуулийг хаах, барилгын ажлыг зогсоохыг хотын захиргаанаас нь үүрэг болгожээ.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагаас үүдэн агаарын бохирдол нэмэгдэх болсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн бохир агаартай 20 хотын тэн хагас нь Энэтхэгийнх байна.

Өөр нэгэн судалгааны тайланд “Энэтхэг улс агаарын бохирдлын улмаас нас барагсдынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна” гэжээ. Тодруулбал, тус улсад агаарын бохирдлоос улбаатай өвчний улмаас жилд 2.5 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ