"Үзэсгэлэнт сэтгэлтэй" ТББ-ынхан аймгийн эмнэлэгтээ утлагын аппарат хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-08 13:48:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Үзэсгэлэнт сэтгэл” ТББ-ын бүсгүйчүүд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт таван ширхэг “Амьсгалын утлагын аппарат” хандивлалаа.
Тус байгууллагын бүсгүйчүүд хэн нэгэнд тус дэм болж, аз жаргал, инээд хөөр бэлэглэх зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаад удаагүй ч орон нутагтаа хэд хэдэн сайн үйлсийн аянд нэг баг болон ажилласан байна. “Үзэсгэлэнт сэтгэл” ТББ-ын тэргүүн Т.Ариунжаргал “бид сэтгэлийн өглөгийг чухалд үзэж, авахаасаа илүүтэй сэтгэлийн өглөгийг түгээн ажиллахыг хичээдэг” гэв. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд намрын сүүлч, өвлийн эхэн энэ цаг мөчид ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Иймээс эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдэж, эм тариа, бусад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагддаг билээ. Үүнийг “Үзэсгэлэнт сэтгэл” ТББ-ын бүсгүйчүүд олж харан, судалгаа хийж  энэ удаад сайн үйлсийн аянаа ийнхүү эмнэлгийн зүг хандуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ