Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардаж жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-07 22:18:06
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцорохыг шаардсан тайван жагсаал өнөөдөр Улаангом хотноо боллоо. Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр болсон уг жагсаалд 500 орчим хүн оролцсон юм. Жагсаалыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд удирдан хийсэн бөгөөд энэ үеэр 20-иод хүн индэр дээрээс санал бодлоо илэрхийлж үг хэллээ.
Жагсагчид аймгийн 10 зүйлийн шаардлага тавьсан байна. Тухайлбал, аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль бусаар томилогдсон гэж үзээд огцруулах, аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд хийгдэж эхлээгүй, ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн томилгоо хэрээс хэтэрсэн, төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хүнд суртал, хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдал газар авсан, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хаалттай, дутуу дулимаг, цөөхөн хүмүүсийн эрх ашигт үйлчилдэг болсон гэдгийг дурдсан байна. Тэрчлэн байгууллагын төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагаа нууцлагдмал болсон, эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах явдал илт нэмэгдсэн зэрэг хууль бус үйлдлүүдийг даруй таслан зогсоож, аймгийн Засаг дарга болон түүний ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь огцруулахаар ард иргэдийн гарын үсэг цуглуулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлэх ажээ.
Мөн иргэд аймгийн удирдлагууд садан төрөл, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ ажилд авсан тухай мэдээллийг самбарт бичиж байв.
Жагсаал гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд эхлэхээс нь өмнө цахилгаан тасарч бага зэргийн хүндрэл учирсан юм. Төгсгөлд нь Ц.Батболд төлөөлөгч иргэдийн гарын үсэг бүхий бичгийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатад өгөхөөр аймгийн захиргаа луу орсон ч, тэрбээр Улаанбаатар хотыг зорьсон байсан тул аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ж.Сорогт хүлээлгэн өгснөөр жагсаал өндөрлөлөө.

Ц.Батболд нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн зун болсон Хан хөхий хайрханы төрийн тахилга, Баруун бүсийн хурдан морины даншиг наадмын үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхантай муудалцаж, улмаар ажлаасаа халагдсан гэнэ. Тэрбээр тайван жагсаал цуглаан хийх мэдэгдлээ өнгөрсөн сарын дундуур аймгийн Цагдаагийн газар болон Улаангом сумын ЗДТГ-т өгсөн юм. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ