Зорилтот бүлгийн 1600 орчим өрхөд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-07 17:04:06
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй олон хөтөлбөрүүдийн нэг болох "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах" дэд хөтөлбөрт хамруулахаар 1596 өрхийг сонгожээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан байгууллагуудтай хамтран өрх тус бүрт хүрч ажиллах юм.

Аймгийн хэмжээнд хэрэгжих тус дэд хөтөлбөр нь жилд 399 өрх, дөрвөн жилд 1600 орчим зорилтот бүлгийн өрхийг хөгжүүлэх аж. Хүн амынхаа тооноос хамааран усм бүрээс сонгогдсон өрхийн тоо харилцан адилгүй. Энэ онд нэг сумаас дунджаас 20-40 өрх, харин Баруун-Урт сумаас 89 өрх сонгожээ.

“Сонгогдсон өрхүүдэд бид дөрвөн жилийн хугацаанд дэмжлэг үзүүлнэ. Мэдээж энэ ажлыг дан ганц манай байгууллага хийнэ гэвэл хүндрэлтэй. Тиймээс албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтарсан баг байгуулсан. Байгууллагууд өөрсдөө нэг нэг өрхийг сонгон эд материалын, сэтгэл санааны дэмжлэгээс гадна тухайн өрхийн иргэнийг ажилд зуучлах, хүүхдүүдийг нь сурч боловсрох нөхцөлөөр хангах зэргээр тодорхой хэмжээнд хөгжүүлэх, дэмжин туслах үйл ажиллагаа явуулах болно. Бид албан байгууллагууд руу албан тоот, удирдамжийг нь явуулсан. Одоогоор хоёр байгууллага нэг нэг өрхөд дэмжлэг үзүүлээд байна” гэж аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Т.Мөнгөнцэцэг хэллээ.

Аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон дээрх ажлын хүрээнд Баруун-Урт сумын иргэн, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Ж.Гэрэлийг сонгон авч 500 мянган төгрөгийн өртөг бүхий гэрийн дулаалга, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хамт гардуулан өгсөн байна.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ